Жагсаалыг Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулахаа мэдэгдээд байгаа аж. Жагсаалын шалтгаан нь утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл гэх мэт олон асуудал байгаа бөгөөд Засгийн газар энэ бүх асуудлыг шийдэж чадахгүйгээ харуулсан учраас огцруулах нь зүйтэй гэж үзэж байна. Уг жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлжээ. Мөн “шударга тав”-ын жагсаалд хэрэглэсэн шиг тоног төхөөрөмжөөр хангахыг өгөхийг хүссэн байна.
Түүнчлэн, энэхүү жагсаал өнөөдрөөс нэгдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх гэж байгаа гэнэ. Тодруулбал, Эрх чөлөө үндэсний эвсэл нам цахим хуудастаа “Засгийн газар огцор жагсаал ЗГ-тай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” гэжээ.