Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн хавар УИХ баталсан. Тус хуульд стратегийн орд газрын 34-50 хүртэлх хувийг улсын өмчид авна гэж заасан. Манай улсад 16 ордыг стратегийн орд гэж бүртгэсэн байдаг бөгөөд үүний 7 нь улсын өмчид байгаа бол 9 нь хувийн хэвшлийн эзэмшилд байгаа юм. Тэгвэл стратегийн ордыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж 34-50 хувийг нь төрд авна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэллээ. Тэрээр "Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хувийг, хэрвээ нөөцийг улсын төсвөөс тогтоосон бол 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй авна гэж заасан байдаг. Энэ бол байгалийн баялаг. Хэн нэгэн бүтээгээгүй. Манай улсад ашигт малтмалын 16 стратегийн орд байгаа юм билээ. Төрийн эзэмшилд долоо нь бусад нь хувийг хэвшилд байгаа. Тиймээс Засгийн газар стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийнэ. Ачит-Ихтэй хэлэлцээр хийнэ. Ачит-Ихт бол стратегийн орд. Тэр дундаа үүсмэл орд шүү. Бид санхүүгийн шинжээч нараа томилно. Монголын ард түмэнд аль нь ашигтай вэ гэдэг санхүүгийн модел дээр суурилна" гэлээ.