Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Владимир Зеленский Путиныг “ард түмнээ хайрладаггүй удирдагч” гэж зэмлэлээ

Владимир Зеленский Путиныг “ард түмнээ хайрладаггүй удирдагч” гэж зэмлэлээ
Нийтэлсэн 5 минутын өмнө
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын подкастер Лекс Фридмантай хийсэн гурван цагийн ярилцлагынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Путиныг зогсооход тусалж, дайныг эцэс болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнээс энэ сарын 20-нд болох Трампын тангараг өргөх ёслолд оролцох эсэх талаар асуухад "Дональд Трамп намайг биечлэн урьсан тохиолдолд л очих боломжтой" гэж хариулжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түрэмгийллийн дайнд Оросын залуучуудыг, тэр дундаа 18 настай хөвгүүдийг үхэл рүү нь илгээж байгаа учраас эх орон, ард түмэндээ хайргүй гэж ерөнхийлөгч Владимир Зеленский зэмлэлээ. Тэрээр "Путин ард түмнээ хайрладаггүй. Зөвхөн ойр дотны хүмүүсээ л хайрладаг" гэж хэлсэн юм.
Украины төрийн тэргүүн Оросын Украины эсрэг хийсэн бүх талын дайны үр дүнд тус улсын 780 мянган цэрэг амь үрэгдэж, шархадсан гэдгийг онцлоод, Путин Оросын нутаг дэвсгэрт байгаа орос хэл мэдэхгүй хүмүүсийг хүртэл оросууд гэж нэрлэдэг талаар ярьсан байна. Зеленский "Путины улс гэж юу вэ? Тэр гэнэт л Украиныг улсынхаа нэг хэсэг гэж үзсэн. Маргааш магадгүй Америкийг нэрлэх байх. Украинчуудын дунд "Би чамд дэндүү хайртай болохоор чамайг алж ч чадна" гэсэн үг байдаг. Тэр үг Путиныг илэрхийлдэг” хэмээн ярьж байв.
“Путин дүлий болохоор юу ч хэлсэн сонсохгүй. Элон Маск хиймэл оюун ухаан, Ангараг гараг, инновацын тухай ярьж байхад Путин тэнд овог аймгуудын тухай ярьж байна гээд төсөөлөөд үз. Хүмүүс түүнийг тусгаарлахын оронд анхаарлын төвдөө байлгасаар байна. Яагаад гэж үү? Айдас. Путин дайныг дуусгахыг хүсэж байна гэж бодож байвал үнэхээр гэнэн хэрэг байна даа” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Украинд гал зогсооход юу хэрэгтэй талаар асуухад НАТО-гийн хүрээнд аюулгүй байдлын баталгаатай байх ёстой гэж Зеленский хариулав. Барууны орнууд наад зах нь Украины эзлэгдээгүй бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, зэвсгийн тээвэрлэлтээ үргэлжлүүлж, Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ хэвээр нь хадгалах ёстой гэж ярьсан байна.
Америк НАТО-гоос гарах нь НАТО-гийн төгсгөл байна гэж Зеленский онцолсон юм. Түүнчлэн Путины зорилго бол НАТО-гин хүчийг сулруулж, Украиныг дайны талбарт оршин тогтнож чадваргүй болгон, Трамптай харилцаа тогтооход саад учруулах явдал юм гэжээ.

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн