Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөрвөн жилийн өмнө сайдаар томилогдсон даруйдаа 23 улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг УИХ-д өргөн мэдүүлэн томилуулж байсан билээ.
Тэгвэл нэг өдөр томилогдсон Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж байгаа. Тиймээс энэ жил 23 улсад суух Элчин сайд нарыг томилох ёстой. Элчин сайд нараас гадна консулуудыг ч томилох бөгөөд нийт 50 орчим хүнийг Элчин сайд, консулаар томилох асуудал яригдаад эхэлжээ.
Манай улс дэлхийн улс орнуудад 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар, 34 Элчин сайдын яам байгуулан ажиллуулж байгаа. Элчин сайд нарыг томилох тодорхой хуулийн заалттай ч улс төрийн хүрээнд томилгоо хийж, тохиролцсоны дараа УИХ-д өргөн мэдүүлж томилуулдаг жишиг бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хүмүүсээ Элчин сайдаар томилуулдаг нь нууц биш. Уг нь Элчин сайд бол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгаж, улс үндэстнийхээ хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх үүрэгтэй чухал албан тушаал. Гэтэл Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй дипломат алба улстөрчдийн ураг төрлийн томилгоо, албан тушаалын тохироо, шагнал болоод удаж буй.
Энэ удаагийн Элчин сайд нарын томилгоо нь хамтарсан Засгийн газрын үед хийгдэх учраас ганцхан МАН хүмүүсээ томилохгүй болов уу. Тодруулбал, хамтран Засаг барьж байгаа Ардчилсан нам, ХҮН нам ч Элчин сайд, консулын томилгооноос хоцрохгүй, хүмүүсээ томилно. Тиймээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ганц намын дарга болон Ерөнхийлөгчтэй бус АН, ХҮН намын дарга нартай ч зөвшилцөх амаргүй ажилтай болох нь.