Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Төвийн бүсийн сургалтын байгууллагын удирдах ажилтны сургалт-зөвлөгөөн”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр Боловсролын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд боловсролын салбарын засаглалын шинэчлэл, чадахуйд суурилсан мэргэжлийн удирдлага, цахим шилжилт, тэгш хамруулах, гүйцэтгэлээр санхүүжих, сурагчдын үнэлгээний систем зэргийг өөрчилж хүүхдийг амьдралд бэлдэх суурийг бүрдүүлсэн нь хэрхэн хэрэгжиж байгааг ярилцсан.
Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээний шалгалтад оролцсон нь манай улсын боловсролын системийн хөгжилд чухал алхам болсон. Тус үнэлгээнд 7276 сурагч уг шалгалтад хамрагдаж, 81 орноос математикийн чиглэлээр 47-д, Байгалийн ухааны чиглэлээр 50-д, Унших чадвараар 36-д, амьдралын сэтгэх чадвараар 29-д жагссан.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Өнөөдрийн чуулганаар өнгөрсөн хугацаанд бидний баталсан Боловсролын хуулийн хэрэгжилт газар дээрээ хэрхэн бууж байна, энэ хуулийг дагаж гарсан 40 орчим журам хэрхэн хэрэгжиж байна гэдэгт анхаарал хандуулж, ярилцана. Цаашид боловсролын бодлого хаашаа явах юм, бүгдээрээ нэг зүг рүү харья гэсэн бодолтой уулзаж байна. Байнгын хороо, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтарч төлөвлөгөө гаргах зорилгоор чуулж байна.
Өнгөрсөн хугацаанд бид боловсролын салбарт олон улсын үнэлгээ хийлгэхэд хот, хөдөөгийн боловсрол нилээд ялгаатай байсан. Харин улсын сургууль, хувийн сургуулийн хооронд нэг их ялгаа гараагүй. Хөдөөгийн сургуулийг илүү сайжруулахын тулд хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт 40 хувийн нэмэгдэл олгох ч юм уу, нийгмийн баталгааг хангах заалтуудыг Боловсролын хуульд тусгаж өгсөн. Үүний үр дүнд сумдад ажиллах багш нарын тоо нэмэгдэж байгаа.
Мөн хөдөөгийн сургуулийн орчинг сайжруулах, нүхэн жорлонгоос салгах, лабораторитой болгох гэх мэт асуудлыг 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлэхийг зорьж байна.
Сургалтын хөтөлбөр бол улс орны хар хайрцагны бодлого байдаг. Хөтөлбөрийн агуулга дээр маш том ажлын хэсэг гарсан байгаа. Бага ангийн хөтөлбөрүүдээ боловсруулаад хичээлээ багасгаад агуулгаа дэлхийд өрсөлдөх монгол хүнийг бэлтгэх чиглэл рүү болгож байгаа. Эхний сурах бичгүүдээ бэлтгэчихсэн байгаа" гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгаж, анх 2021 оны 01 дүгээр сард Байнгын хорооны тогтоолоор Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хэсэг байгуулагдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийгмийн хариуцлагынхан хүрээнд нийт 160.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, тус ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажилласан.
Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 220 цэцэрлэг, ерөнхий боловсролын 333 сургууль, 245 дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно гэсэн зорилт тавьж өнөөдрийн байдлаар 131 цэцэрлэг, ерөнхий боловсролын 195 сургууль, 163 дотуур байрны объектыг ашиглалтад оруулж, сургууль, цэцэрлэг, дотуур байр нийлсэн 222 объектын ажил газар дээрээ үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд 87 объектын худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна.