Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Төвийн бүсийн сургалтын байгууллагын удирдах ажилтны сургалт-зөвлөгөөн”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр Боловсролын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд боловсролын салбарын засаглалын шинэчлэл, чадахуйд суурилсан мэргэжлийн удирдлага, цахим шилжилт, тэгш хамруулах, гүйцэтгэлээр санхүүжих, сурагчдын үнэлгээний систем зэргийг өөрчилж хүүхдийг амьдралд бэлдэх суурийг бүрдүүлсэн нь хэрхэн хэрэгжиж байгааг ярилцсан. Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээний шалгалтад оролцсон нь манай улсын боловсролын системийн хөгжилд чухал алхам болсон. Тус үнэлгээнд 7276 сурагч уг шалгалтад хамрагдаж, 81 орноос математикийн чиглэлээр 47-д, Байгалийн ухааны чиглэлээр 50-д, Унших чадвараар 36-д, амьдралын сэтгэх чадвараар 29-д жагссан. УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Өнөөдрийн чуулганаар өнгөрсөн хугацаанд бидний баталсан Боловсролын хуулийн хэрэгжилт газар дээрээ хэрхэн бууж байна, энэ хуулийг дагаж гарсан 40 орчим журам хэрхэн хэрэгжиж байна гэдэгт анхаарал хандуулж, ярилцана. Цаашид боловсролын бодлого хаашаа явах юм, бүгдээрээ нэг зүг рүү харья гэсэн бодолтой уулзаж байна. Байнгын хороо, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтарч төлөвлөгөө гаргах зорилгоор чуулж байна.