100 насалсан хүмүүсийн тухай тоо томшгүй олон түүх байдаг. Тэдний хувьд өдөр тутмын зуршил, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээний талаарх уламжлалт зөвлөгөөг анхаардаггүй байсан тохиолдол ч бий. Гэсэн хэдий ч эдгээр зөвлөгөөг үл тоомсорлох нь ихэнх хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьдралыг нь богиносгодог болохыг олон арван жилийн судалгаа харуулж байна.
Тэгвэл хүний урт наслалтын хэдэн хувь нь амьдралын хэв маяг, хэдэн хувь нь генетиктэй холбоотой байдаг бол?
Судалгаанаас харахад, 80 наслах уу, 90 наслах уу гэдэг бидний хяналтад байдаг ажээ. Хүн амын эрүүл амьдралын хэв маяг хүний насыг уртасгадаг гэсэн тодорхой нотолгоонууд олон бий. 2023 онд нийтлэгдсэн судалгаагаар АНУ-ын 276,000 гаруй эрэгтэй, эмэгтэй ахмад дайчдын амьдралын хэв маягт дүн шинжилгээ хийж, найман эрүүл зуршлыг төлөвшүүлснээр хүмүүсийн амьдралыг 24 жилээр уртасгах боломжтой болохыг тогтоожээ.
Үүнд, эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, стрессээ зохицуулах, нийгмийн эрүүл харилцаатай байх, тамхи татахгүй байх, опиоидыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэг багтсан байна.
Хэрвээ та 100 наслахыг хүсэж байвал өвөг дээдсийнхээ багахан тусламжийг авах хэрэгтэй болох нь. Учир нь нас ахих тусам урт наслалтад генетик илүү чухал нөлөөтэй болдог аж. Эрдэмтэд хэр урт насалж байгаагийн 25 орчим хувь нь ген, 75 хувь нь хүрээлэн буй орчин, амьдралын хэв маягтай холбоотой гэж үздэг. Гэвч 100 болон түүнээс дээш насны хүмүүст энэ хувь хэмжээ өөрчлөгдөж эхэлдэг талаар Бостоны Их Сургуулийн Анагаах ухааны профессор, доктор Томас Перлс ярьсан байна.