Аливаа юмыг хурааж, цааш хийх нь уламжлал, соёлтой салшгүй холбоотой зүйл. Монголчууд нүүдэлчид учраас юмыг хураах сонирхол тун бага. Энэ нь орчин үеийн нийгэмд уусахаараа хэрэглээ өндөртэй, ямар ч үнээр хэрэглэх тэр сэдлийг өгдөг талтай.
Орчин үед нийгмийн гол хөдөлгүүр бол мөнгө. Мөнгө өөрөө бүтээмжийн том хэмжүүр. Бүтээмж өндөр газар мөнгө арвин олдоно. Харин бүтээмж гаргах, бүтээл хийх гэдэг бол амар зүйл биш. Тиймдээ ч хүмүүс бүтээмж, бүтээлгүйгээр мөнгөтэй хялбар болох аргуудыг хайдаг. Энэ ч утгаараа амар хялбараар мөнгө олох аргачлал хөгжсөөр ирсэн. Луйвар, залилан, зохион байгуулалттай хэрэг, сүүлдээ хуулийн дагуу мөнгө хийх болтлоо өргөжив. Сүүлд сайн дураараа койнд мөнгөө өгөөд хохирч байх жишээний. Тэр ч байтугай амар хялбараар мөнгө олох аргыг нь зааж өгнө гэх маягийн бизнес хүртэл цэцэглэж байна. Хамгийн том жишээ нь, мөнгөний тухай, баян болох тухай сургалтууд.
Ихэнх хүн тууштай байж чаддаггүй. Тиймээс цөөхөн хэдэн л хожиж үлддэг гэж хөрөнгө оруулалтын домгууд хэлсэн байдаг. Түүнчлэн эдийн засагчид хүртэл хүнийг богино үр дүнд ач холбогдол өгч, уртыг огт боддоггүй гэх мэтээр зан төлөвийн эдийн засагт тодорхойлсон нь бий.
Нэгэнт би тийм ч тууштай биш. Би үрэлгэн. Би мөнгө байвал хэрэглэчхээд байдаг. Энэ зангаа нэг л өдөр засна даа гэж бодож явдаг бол заавал тэгэх шаардлагагүй юм. Орчин үед технологийн тусламжтай эдгээр хүнд ховор байх мөн чанарыг орлох бүрэн боломж бий. Тэгэхээр санхүүгээ жаахан эмх цэгцтэй авч явна гэвэл дараах санхүүгийн арга хэрэгслүүдийг мэргэжилтнүүд ашиглахыг санал болгож байна.
Орлого, зарлага бүртгэлээ хийх апп, веб, тэмдэглэлийн дэвтэртэй байх
Компани яагаад ашигтай ажилладаг гээч? Тэд төлөвлөгөөтэй, санхүү бүртгэлтэй, тооцоололтой явдаг. Хувийн санхүүгээ компани шиг төсөөлөх юм бол та ямар орлого, ямар зарлага гаргаж буйгаа байнга бүртгэж байх ёстой. Үүнийг ийм завгүй нийгэмд бүртгэх нь асуудалтай учраас дээрх апп, вэб эсвэл хувийн тэмдэглэл хөтлөх нь таны ажлыг хөнгөвчилж өгнө.
Хуримтлал, хөрөнгө оруулалтын апп, веб, түүлс ашиглах нь
Хадгаламж, хуримтлал хийх гол нууц бол тасралтгүй мөнгөө нэмэх юм. Түүнээс биш 5, 10 сая төгрөг хийгээд орхичих асуудал ерөөс биш. Үүнд, санхүүгийн бүтээгдэхүүнийг ашиглах нь чухал. Хэрвээ банкны хадгаламж сонгох бол данснаас автоматаар татдаг байх нь чухал. Банкны хадгаламжийн сул тал нь та жил бүр хүү тохирох шаардлагатай болно. Хөрөнгийн зах зээл дэх бонд, хувьцаа, хадгаламж гэх хөрөнгө оруулалт нь банкны хадгаламжаас өндөр өгөөжтэй ч савлагаа ихтэй байхыг анхаарах ёстой.
Зорилготой зээл, бага хүүтэйгээр авах нь чухал
Бидний сул тал бол бүх юмыг зээлээр шийдэх гэж оролддог. Тиймдээ ч дижитал зээлийн апп-г татвал бараг утасны 3 дэлгэц дүүрнэ. Гол баримтлах дүрэм бол зээлийн хүү нь бага байх ёстой. 2025 онд банкнууд дижитал зээлээ нэлээд хумихаар байна. Яагаад гэхээр 2024 онд дижиталаар олгосон зээлүүд муудсан байна. Харин банк бусын апп -ууд хэвээрээ. Сарын хүү нь 3 хувь гээд бодоход жилийн бараг 36-40 хувийн хүүтэй. Хүмүүс гэхдээ банк бусаас уртаар хэзээ ч зээл авдаггүй. Ер нь аль болох бага хүүтэй хялбар гарах дижитал зээлийг өөрийн цалин, орлогоо авдаг байгууллага дээрээ гаргах нь зүйтэй юм.
Хэсэгчилж төлдөг худалдан авалтын аргыг ашиглах нь зээлээс чухал
Өндөр дүнтэй худалдан авалтыг нэг дор хийх нь тийм ч зөв шийдвэр биш. Богино хугацаанд ирэх санхүүгийн дарамт бууруулах үүднээс хувааж төлдөг апп-уудыг хүмүүс ихээр ашигладаг. Та ч гэсэн том дүнтэй худалдан авалт хийх гэж буй бол энэ аргыг ашиглаж нэг үзээрэй.