АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп тангараг өргөх ёслолоо дэлхий нийтийн арга хэмжээ болгох хүсэлтэй байгаа бөгөөд олон улсын удирдагч, төрийн тэргүүн нарыг урьж байгаа аж. Трампын хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Тангараг өргөх ёслолд олон улсын төрийн тэргүүн нарыг урьж байгаа нь ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон төдийгүй өрсөлдөгч улс орнуудын удирдагчидтай нээлттэй яриа хэлэлцээ хийж байгаагийн нэг жишээ юм” гэж мэдэгджээ.
Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх юм. Трамп албан тушаалдаа очсон эхний өдрөө хилийн хамгаалалтаас эхлээд газрын тос, байгалийн хийн олборлолт зэрэг олон төрлийн захирамжид гарын үсэг зурахаа амласан.
Одоогоор Данальд Трампын тангараг өргөх ёслолд дараах улс орны төрийн тэргүүн, удирдагч нар уригдаад байгаа аж.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин
Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тангараг өргөх ёслолдоо урьсан талаар албаныхан мэдээлсэн. Үүнийг нь Америкийн геополитикийн гол өрсөлдөгчдийн нэг болох коммунист удирдагчид тавьсан тун онцгой санал гэж шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч тангараг өргөх ёслолд Ши Жиньпиний оронд Хятадын өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Майлей
Дональд Трампын өөр нэг гол холбоотон Аргентины ерөнхийлөгч Хавьер Майлей тангараг өргөх ёслолд оролцохоор төлөвлөж байгаа тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн. Тэрээр 2023 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Бүгд найрамдах намын удирдагчтай сайн харилцаатай гэдгээрээ алдартай билээ.
Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони
Италийн Ерөнхий сайд нэгдүгээр сарын 5-нд Дональд Трамптай уулзсан. Түүний гэнэтийн айлчлал нь АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг дэмжиж буйн томоохон илрэл гэж шинжээчид үзэж байна. Италийн баруун жигүүрийн удирдагч нэгдүгээр сарын 20-нд болох Дональд Трампын тангараг өргөх ёслолын урилга хүлээн авсан гэж CNN агентлагаас мэдээлсэн юм.
Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле
Дональд Трампын хүү өнгөрсөн жил Эль Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букелегийн хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын хүндэт зочдын нэг байсан. Наиб Букелегийн хувьд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн дэлхийн удирдагчдын нэг юм. Тэрээр мөн Дональд Трампын тангараг өргөх ёслолын урилга хүлээж авчээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан
Унгарын Ерөнхий сайд Трампаас урилга хүлээн авсан бөгөөд түүнийг тангараг өргөх ёслолд оролцох эсэхээ "бодолцож байгаа" гэж хэвлэлийнхэн мэдээлжээ.
Дональд Трампын тангараг өргөх ёслолд ямар зочид оролцох, тэр дундаа дэлхийн удирдагчдыг урьж оролцуулах нь сонгогдсон Ерөнхийлөгч болон түүний багийнхаас шалтгаалах аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг олон улсын дипломат үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй дотоодын арга хэмжээ гэж үздэг. Ийм өндөр түвшний арга хэмжээний үеэр олон улсын удирдагчдыг оролцуулах нь аюулгүй байдал, зохион байгуулалтын хувьд томоохон сорилт болдог. Тиймээс улс орнууд ихэвчлэн АНУ-д суугаа Элчин сайд эсвэл дипломат албатуудаа төлөөлөгчөөр илгээдэг бөгөөд төр засгийн тэргүүд оролцох нь ховор байдаг.