Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Марк Цукербергийн баримт шалгах үйлчилгээтэй холбоотой “Meta”-д хийх шинэ өөрчлөлтүүд

Марк Цукербергийн баримт шалгах үйлчилгээтэй холбоотой “Meta”-д хийх шинэ өөрчлөлтүүд
Нийтэлсэн 24 цагийн өмнө
Марк Цукерберг цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Meta" компанийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх контентуудын хяналт зохицуулалтдаа хэд хэдэн өөрчлөлт хийж буйг зарлалаа.
Тус компани хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг дэмжихийн тулд баримт шалгагчийн үйлчилгээг халж, Элон Маскийн эзэмшдэг "X" дээр ашигладагтай төстэй "хэрэглэгчдийн тайлбар" системийг нэвтрүүлж байгаа аж.
Мөн үзэн ядсан үг хэллэг, бусад төрлийн дүрэм зөрчсөн тохиолдлыг идэвхтэй шалгадаг системээ зогсоож, ийм нийтлэлийг зөвхөн хэрэглэгчийн мэдээллийн дагуу хянахаар болсон байна. Түүнчлэн автоматжуулсан системээ терроризм, хүүхдийн мөлжлөг, луйвар, хар тамхи гэх мэт "онц ноцтой зөрчил"-ийг арилгахад ашиглана гэдгээ онцолсон юм. Энэхүү алхам нь “Meta”-гийн улс төрийн контентыг удирдах системдээ оруулж буй сүүлийн үеийн хамгийн том шинэчлэл болж байна.
“Meta”-д хийх тодорхой өөрчлөлтүүд:
  • АНУ-д баримт шалгах үйлчилгээг халж, X-тэй төстэй "хэрэглэгчдийн тайлбар" системээр солих
  • Цагаачлал, жендер, хүйсийн чиг баримжаа зэрэг сэдвүүдийн зарим хязгаарлалтыг арилгах замаар контентын бодлогоо хялбаршуулах
  • Бодлогын зөрчилд хэрэгжүүлэх арга барилаа өөрчлөх
  • Автомат шүүлтүүрийг зөвхөн хууль бус, ноцтой зөрчилд төвлөрүүлэн ашиглах
  • Бага хэмжээний зөрчилд арга хэмжээ авахаас өмнө хэрэглэгчийн мэдээллийг шалгах
  • Контентыг устгахаас өмнөх шаардлагатай итгэлцлийн босгыг нэмэгдүүлэх
  • Facebook, Instagram, Threads дээрх санал болгох системд иргэний болон улс төрийн контентыг дахин нэвтрүүлэх
Цукерберг дэлхийн цензурийн дарамтыг эсэргүүцэхийн тулд ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа дурдсан юм. Дональд Трамп албан тушаалдаа орохоор бэлтгэж байгаа энэ үед цагаачлал, хүйсийн чиг баримжаа, жендер зэрэг маргаантай сэдвүүдийн талаарх хязгаарлалтыг багасгана гэсэн нь зарим хүний шүүмжлэлийг дагуулаад байна. “Meta” ирэх хоёр сарын хугацаанд хэрэглэгчийн тайлбарын системээ нэвтрүүлж, жилийн туршид үргэлжлүүлэн сайжруулахаа мэдэгдсэн юм.

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн