Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авах заалтыг хасах хуулийн төсөл санаачилжээ

Нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авах заалтыг хасах хуулийн төсөл санаачилжээ
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
2023 онд баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлээр хувиараа ажил үйлчилгээ үзүүлэгч иргэн, иргэнээс ажил үйлчилгээ авсан ААН гээд хоёр тал хоёулаа давхар НДШ төлдөг болсон. Энэхүү зохицуулалтаар иргэн цалин хөлснийхөө 9.3 хувийг, аж ахуйн нэгж 9.5 хувийг НДШ-д төлж байгаа юм. Жишээлбэл хувь иргэн 1 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр компанитай гэрээ байгууллаа гэж бодоход тухайн иргэн гар дээрээ 1 сая төгрөгөө бүтнээр нь авахгүй. НДШ-д 9.3 хувь буюу 93 мянган төгрөгийг суутгуулснаар 907 мянган төгрөг авна. Харин аж ахуйн нэгж 1 сая төгрөгөөр ажил хийлгэхэд 9.5 хувь буюу 95 мянган төгрөгийг НДШ-д нэмж төлнө. Ингэхээр аж ахуйн нэгж хувь иргэнээс ажил үйлчилгээ авсныхаа төлөө улсад 9.5 хувийн шимтгэл төлдөг болсон гэсэн үш. Энэ нь хувь иргэнд ч, аж ахуй нэгжүүдэд ч хохиролтой байгааг буруутгах хүмүүс их байгаа юм.
Энэхүү хуулийн талаар хуульч О.Батхүү "Нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авч байгаа нь зөвхөн НДС-гийн орлогыг бүрдүүлэх зорилготой байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу байгуулсан, байнгын ажлын байр буюу цалинтай холбоотой орлогоос л НДШ авах ёстой бөгөөд давхардуулан авах нь хууль бус агуулгатай юм. Дэлхийн улс орнуудад ийм зохицуулалтаар явдаг бөгөөд зөвхөн Монгол Улсад иргэдийг хохироох хууль үйлчилж байна. Иймд хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох шаардлагатай байна" гэжээ.
Мөн хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаг хуулийг хүчингүй болгохоор "Үндэсний эвсэл"-ийнхэн олон нийтийн саналыг цуглуулж эхэлсэн. Тус хууль хүчингүй болсноор зөвхөн байнгын ажлын байр буюу хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдож байгаа цалингаас НДШ авдаг болох юм. Аравдугаар сарын 16-наас эхэлсэн уг санал асуулгыг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл явуулж 100 мянган иргэний гарын үсэг цугларахаас 16602 санал иржээ.
Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаг уг хуулийн заалтыг хүчингүй болгох олон нийтийн санал хангалттай бүрдээгүй учраас хүлээлтийн байдалд орсон.
Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хувиараа ажил үйлчилгээ үзүүлэгч иргэний орлогод НДШ ногдуулан суутгаж, иргэнээс ажил үйлчилгээ авсан ААН-ээр мөн давхар НДШ төлүүлж буй хуулийн заалтыг хасах санал бүхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшин санаачилжээ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хувиар хөдөлмөр эрхлэгч иргэн, түүнээс үйлчилгээ авах ААН НДШ төлөх заалтыг хасахаар тусгасан байна.
Өргөн барьсан хуулийн төсөлд:  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах”, “хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт,” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтын “гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд,” гэснийг, 7.3.4 дэх заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын “хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого,” гэснийг тус тус хассугай.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн