Open iToim app
Ярилцлага | 5 мин уншина

Э.Мөнхсоёл: Эсийн түвшний судалгаа сайн хөгжиж байж Монгол Улс дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулна

Э.Мөнхсоёл: Эсийн түвшний судалгаа сайн хөгжиж байж Монгол Улс дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулна
Нийтэлсэн 18 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит 2024 оны  шилдэг залуу эрдэмтнээр тодорсон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн физиологийн тэнхимийн багш, доктор Эрхэмбаатарын Мөнхсоёлтой ярилцсанаа хүргэж байна. Тэрээр яс болон мэдрэлийн эдийн эмгэгүүдийн шалтгааныг тогтоох чиглэлээр үр дүнтэй судалгаа хийж, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 10 гаруй бүтээлээ хэвлүүлсэн. Түүнчлэн, түүний судалгааны ажлаас олон улсад 230 удаа эшлэгдэн, судлаачийн чансааг илэрхийлэх h-index нь 8-д хүрсэн амжилт үзүүлсэн юм. 
-Юун түрүүнд шилдэг залуу эрдэмтнээр тодорсонд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Баярлалаа. Биднийг юу хийснийг тэр болгон хүмүүс ойлгодоггүй, мэддэггүй. Эс бол жижигхэн хэр нь өргөн хүрээний зүйл. Үүнд бид судалгаа хийж тодорхой хэмжээний нээлт, үр дүн гаргадаг. Тэр нь ирээдүйд хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон зүйлийн суурь болж өгдөг. Гэвч үнэндээ манай академик салбарын зарим хүн ч намайг юу хийдгийг бүрэн ойлгодоггүй. Гэхдээ төр засгаас намайг ойлгож энэхүү шагналаар шагнасанд би маш их баярласан. 
-Яс болон мэдрэлийн эдийн эмгэгүүдийн шалтгааныг тогтоох чиглэлээр хийсэн судалгааныхаа үр дүнгээс хуваалцахгүй юү?
-Энэхүү судалгааг би 2014 онд Солонгос улсад магистраар суралцаж байхдаа хийсэн. Яс үндсэн гурван эсээс тогтдог. Үүнд ясны, остеокласт буюу ясыг уусгадаг болон остеобласт буюу ясыг үүсгэдэг эс зэрэг хамаардаг. Би остеокласт эс дээр түлхүү ажилладаг. Энэ эс хүний бие махбодод ихсээд ирэхээр ясны сийрэгжилтийг үүсгэдэг. Ясны сийрэгжилт үүссэнээр хүний амьдралын чанар буурдаг. Үүний үр дүнд хэзээ нэгэн цагт яс хугарах аюултай. Судалгааны хамгийн гол үр дүн нь бид  “trpml1” гэдэг шинэ суваг уураг нээсэн. Энэ суваг уураг ихсэхээр остеокласт эсийн ялгаран хөгжилтийг нэмэгдүүлдэг. Ингэснээр ясыг илүү сийрэг болгож эмгэг үүсгэдэг гэх шалтгааныг тодорхойлсон.
-Судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-In Vivo ба In Vitro орчинд судалгаагаа хийсэн. Түүнчлэн, туршилтаа хулгана, туулай, нисдэг амьтан зэрэг дээр хийж үзсэн.
-Таны судалгааны үр дүн нь хэзээ хэрэглэгдэх вэ?
-Алхам тутамд хэрэглэгдэнэ. Клиникийн оношилгоо, эмчилгээнд хүртэл ашиглагдана. Түүний суурийг нь л би тавьж байна гэсэн үг. 
-Тэгвэл хүн ясаа яаж сайжруулах хэрэгтэй вэ?
-Уншсан материалууд болон судалгааныхаа үр дүнгээс харахад хүн ясаа зүгээр байлгах ёсгүй юм байна. Хүч өгөөд л байвал яс сайжраад байдаг. Тийм учраас хүмүүсийг орон дээр биш газар унт гэдэг шүү дээ. Энэ нь ясанд их ачаалал өг гэсэн үг. Дасгал хөдөлгөөн сайн гээд байдаг нь ясанд их ачаалал өгч байгааг илэрхийлж байгаа юм. Хүн суугаа ажил хийх тусам яс сийрэгжинэ гэсэн үг. Иймээс суугаа ажил хийдэг бол хажуугаар нь спортоор сайн хичээллэх хэрэгтэй.  Мөн аарц, айраг сайн уух болон ааруул сайн идэх хэрэгтэй. Учир нь Япончууд айрагт судалгаа хийгээд хамгийн их хэмжээний кальци агуулдгийг баталсан. 
-Таны хувьд Монгол Улсынхаа шинжлэх ухааны салбарыг ямар түвшинд байна гэж боддог вэ?
-2011 онд дэвшилтэт технологийг ашигладаг оронд очиж судалгаа хийгээд үзэхэд надад Монголд хэзээ ч ийм зүйл байдаггүй юм шиг санагддаг байсан. Монгол Улсад энэ судалгааны арга техник хэзээ нэвтрэх юм бол доо. Яана даа гэдэг бодол төрдөг байсан. Гэтэл буцаад 2022 онд буцаад ирэхэд Монгол Улсын шинжлэх ухааны түвшин маш эрчимтэй хөгжсөн байлаа. Одоо дэлхийн шинжлэх ухааны судалгаа хийдэг бүх арга техникүүдийг манай улсад нэвтрүүлээд эхэлсэн. Бид удахгүй дэлхийн шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрээ оруулахад бэлэн болсон гэж харж байгаа. 
-Таныхаар судлаачид дотооддоо бодитой ажил хийж чадаж байна уу?
-Ерөнхийдөө боломжууд бага зэрэг хязгаарлагдмал байдаг. Жаахан зовлон ярихад бид эс дээр судалгаа хийх гээд уусмал авчрахын тулд заавал гаднаас авчирдаг. Үүний тулд оруулж ирдэг компанитай ярьдаг, мөнгө нь 2-3 дахин үржигддэг, хугацаа шаарддаг. Түүнчлэн, ирж байхдаа хадгалалтын нөхцөл зөрчигдсөн тохиолдолд уусмалын чанар нь алдагддаг гээд асуудал олон бий. Гэхдээ Монгол судлаачдын хувьд бэрхшээлүүдийг эергээр хүлээж авч судалгааны үр дүнгээ гаргаж чаддаг нь бахархмаар. Дээрээс нь манай клиникийн судлаач нар үнэхээр мундаг. Саяхан АШУҮИС-ийн Мэдрэлийн тэнхимийн багш нарын судалгаа Ланцет сэтгүүлд хэвлэгдсэн. Ланцет сэтгүүл нь дэлхийн шинжлэх ухааны топ 10-т ордог сэтгүүл. 
-Төрөөс шинжлэх ухааны салбараа дэмжиж, хэр сайн анхаарч байна вэ?
-Шинжлэх ухааны салбарын төсвийг дандаа нэмэхийг хичээж байгаа нь сайн. Гэхдээ олон улсад докторын зэрэг хамгаалаад судалгаа хийх боломжтой болсон хүмүүстээ хүсэж байгаа судалгаагаа хийгээрэй гээд төсөв тавьж өгдөг. Тэгэхээр тухайн судлаач төсөвлөсөн мөнгөөр өөрийн сурсан зүйлийг үргэлжлүүлээд цаашаа хийгээд, зарим нь бүр нээлт ч хийдэг. Би Монголдоо ирснээсээ хойш маш олон төсөлд материал өгч үзсэн. Одоохондоо арай аваагүй л байна. Залуу судлаачдад туршлагагүй байна гэж байнга хэлдэг. Мэдээж бид туршлагагүй. Гэхдээ судалгаа хийж байж туршлагатай болно шүү дээ. Дөнгөж төгсөөд хийе, бүтээе гэсэн судлаачдадаа тодорхой төсөв гаргаад өгвөл хэрэгтэй юм болов уу гэж боддог. 
-Эсийн түвшинд судалдаг судлаачдын ажлыг хүмүүс ойлгох нь харьцангуй бага байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Физиологи гэдэг зүйлийг дандаа эсийн түвшинд ярьдаг. Биднийг бүрдүүлж буй хамгийн жижиг нэгж эс. Эс яаж ажиллаж байгаа нь тухайн хүнийг илэрхийлдэг гэсэн үг. Эс нь сайн ажиллаж байж хүн эрүүл байна. Үүнийг сайн ойлгоосой гэж хүсдэг. Эсийн түвшний судалгааг улс орон хийхээс өөр аргагүй. Энэ судалгаа байхгүй бол судалгаа шинжилгээ хийдэг гэж хэлэх хэрэггүй байдаг. Эсийн түвшний судалгаа сайн хөгжиж байж Монгол Улс дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулна. 
-Залуу судлаачийн хувьд цаашдынхаа хүсэл эрмэлзэл, мөрөөдлийнхөө талаар хуваалцаж болох уу?
-Миний докторын судалгаа ажил бол тархи судлал. Үүнтэй холбоотойгоор нэлээд хэдэн ажлыг Монголд ирээд хийе гэж бодоод, эхлүүлсэн байгаа. Би үндэстнийхээ уламжлал, соёлоороо ялгарвал дэлхийд гарах боломжтой гэж хардаг. Тийм болохоор тархи судлалынхаа зүгээс морин хуурын аялгуу стресст хэрхэн нөлөөлөх вэ гэдэг судалгааны ажлыг хийгээд явж байна. ДЭМБ-ын судалгаагаар 2050 он гэхэд дөрвөн хүн тутмын нэг нь стресс, депресстэй болно гэж үзээд байгаа. Гэтэл Монгол улсад одоо дөрвөн хүн тутмын нэг нь стресстэй байна. Үүнийг бид хэрхэн бууруулах вэ гэдэг арга аргачлалыг олохыг хичээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн