Владимир Путинийг баривчлахаас татгалзсан Монгол Улсыг Олон улсын эрүүгийн шүүхийн оролцогч орнуудын Ассамблей Ромын дүрмээс хасаж магадгүй гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ирина Мудра РБК-Украйн агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрбээр “Ассамблейд зохих шийдвэр гаргах боломж бий. Монголын гаргасан үйлдэлд дэлхий нийт хариу өгөх ёстой. Одоогоор монголчууд юу ч болоогүй мэт дүр эсгэж байна” гэжээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “2024 оны аравдугаар сарын 24-нд ОУЭШ-ын Урьдчилсан танхим Монгол Улс Владимир Путинийг баривчлаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн Путинийг баривчлахад хамтран ажиллах тухай шүүхийн хүсэлтийг биелүүлээгүй, хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн” хэмээжээ.
Ромын дүрмийн заалтын дагуу Монгол Улс хамтран ажиллах үүрэгтэй гэдгийг Мудра онцлоод "Хамтран ажиллах үүрэг хүлээсэн нь тэд. Тиймээс Путинийг баривчлан ОУХТ-д шилжүүлэх ёстой гэсэн үг. Тэд үүнийг хийгээгүй. Ингэснээр Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллахаас татгалзсан тул тус танхим уг асуудлыг оролцогч улсуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн” гэсэн байна.
Ассамблей бол Олон улсын эрүүгийн шүүхийн дээд байгууллага юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга “Бидний мэдэж байгаагаар арванхоёрдугаар сарын эхээр чуулган хуралдсан ч харамсалтай нь чуулганы шийдвэрийн талаар мэдээлэл алга” хэмээжээ.