Open iToim app
Спорт | 7 мин уншина

Б.Серик: Төрийн наадамд цолоо ахиулж, ард түмнээ цэнгүүлэхийн төлөө хичээнэ

Б.Серик: Төрийн наадамд цолоо ахиулж, ард түмнээ цэнгүүлэхийн төлөө хичээнэ
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 7
“Бүжиглэдэг заан”, “Хамгийн гоё инээмсэглэдэг бөх” гээд бөх сонирхогчдын хайр хүндлэлийг хүлээдэг хүн бол Улсын заан Бердимуратын Серик. Тэрээр хамгийн олон дэмжигчтэй бөхөд зүй ёсоор тооцогддог. Түүнийг бөх сонирхогчид “Сийрэгхэн барилдаантай Б.Серик заан” хэмээн барилдааныг нь үзэх дуртай байдаг. Б.Серик нь Баян-Өлгий аймгийнхны итгэлийн оч болж нутгийнхаа найм дахь улсын цолтон болсон бөгөөд үндэсний бөхөөр барилдаж эхэлж буй дүү нарынхаа үлгэр жишээ бөх билээ. Тэрээр үндэсний бөхийн спортоос гадна жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын АШТ-ий -100кг-ын жинд 2020 онд түрүүлж байсан. Мөн самбо бөхийн Улсын АШТ-д 2017, 2019, 2020 онуудад түрүүлж, 2018 онд мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн, самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальтай бөгөөд 2019 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцоод мөн хүрэл медаль хүртэж байв. Түүнээс гадна 2024 онд казах курес бөхийн Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Түүний спортод зориулсан олон жилийн хөдөлмөрийг үнэлж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан танд баяр хүргэе. Энэ шагналыг хэрхэн хүлээж авав?
-Би жүдо, чөлөөт, казак курес, самбо, сумо бөх гээд олон төрлөөр барилдаж байсан. Барилдаад бараг 17 жил болж байгаа. Үүнийг төр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнасанд маш их баяртай байна. Шагналаа арванхоёрдугаар сарын 28-нд аваад 29-нд Ерөнхийлөгчийн цомын барилдаанд үзүүрлэж, шагналаа мялаасан.
 -Ерөнхийлөгчийн цомын барилдаан таны хувьд хэрхэн өнгөрсөн бэ?
-Ерөнхийлөгчийн цомын барилдаан зааланд болдог хамгийн том гурван барилдааны нэг болохоор өөрийн хэмжээнд бэлтгэл сургуулилтаа сайн хангасан. Жүдо болон чөлөөт бөхийн барилдаанаас эхлэн бэлтгэл сургуулилтдаа илүү их анхаарсан. Сайхан ч барилдаж, үзүүрлэсэн. Нэгийн даваанаасаа чансаа өндөр болохоор аймгийн арслантай таарч барилдсан. Учраа таарсан бүх бөх л чанга байлаа.
-Та сүүлийн үед заалны барилдаанд цөөн барилдсан. Ерөнхийлөгчийн цомын барилдаанд түрүүлнэ гэсэн зорилготой очсон уу?
-Наадмаас хойш гэрийнхээ бизнест тусалж каз хүргээд завгүй байлаа. Заалны барилдаанд ч цөөн гарч барилдсан. Ерөнхийлөгчийн цом авах, үзүүрт шалгарах, шөвгөрөх, дөрөвт үлдэх нь бөх болгоны мөрөөдөл байдаг. Чансаа өндөр барилдаанд сайн барилдах сайхан шүү. Их урам авдаг. 
-Э.Батмагнай начинтай барилдах тактикаа боловсруулаад түрүү, үзүүрийн барилдаанд гарсан байх. Яаж барилдана гэж бодож байв?
-Ц.Шийрэв багш зөвлөгөө өгөөд хамт байсан. Багшийнхаа зөвлөснөөр л барилдсан даа. Өмнө нь улсын арслан Ц.Бямба-Отгонтой хоёр барилдаад хоёуланд нь унасан байсан. Энэ удаа их хичээж давахыг эрмэлзэж байсан. Барилдаан бүрд өрсөлдөгчөө давахыг л хичээсэн. Э.Батмагнай залуу хүн бас зааланд тогтмол сайн барилдаж байгаа. Ер нь барилдааныг нь мэдэж байсан ч тухайн өдрийн түрүүлэх бөх цаанаасаа өөр байдаг гэдэг шиг аргагүй сайн байлаа. 
-Таныг үндэсний бөхөөр тууштай хичээллэх гээд сүмо болон курес бөхөөс зугтсан гэдэг юм билээ?
-Казахстанд 2013 онд очиж 90 кг жинд жүдо бөхийн төрлөөр барилдсан. Ингэхдээ Казахстаны аваргуудтай эн тэнцүү хүч үзэж, ялахыг нь ялсан. Тэгээд намайг Казахстаны иргэн болоод жүдо бөхөөр барилд, чамайг 90 кг жингийн төрөлд авъя гээд санал тавьсан. Тухайн үед үндэсний бөхөөрөө дөнгөж аймгийн арслан цолтой болж байсан. Нутгийн ах нар “О.Бахыт харцагаас хойш тасраад байгаа улсын цолыг чи авна шүү. Хичээгээрэй” гээд байнга хэлдэг байлаа. Тэгээд л үндэсний бөхөөр барилдана гээд Монгол руугаа зугтсан. 
Мөн сүмогоор Хакүхо аваргын нэрэмжит барилдаанд оролцож байсан. Манай Монголоос есөн тамирчин явсан л даа. Тэндээс би ганцаараа хүрэл медаль авсан болохоор намайг дэвжээнд авна гээд Д.Дагвадорж аваргын багш нь шууд энд үлд гэж байсан. Харин би жүдо болон үндэсний бөхөөр барилддаг гээд татгалзсан. Ингээд л нутгийн зон олныхоо итгэлийг нь алдахгүй улсын заан болсондоо баяртай байдаг. Нутгийнхаа хүмүүсийн жаахан ч гэсэн магнайг нь тэнийлгэсэн юм болов уу гэж боддог. 
-Үндэсний бөхийн спортын хамгийн сайхан тал нь юу вэ?
-Г.Ганхуяг харцага нэгэн ярилцлагадаа “Ямар ч дэлхийн медаль авлаа гэсэн үндэсний бөх, өв соёл гэдэг хамгийн сайхан шүү дээ” гэж хэлсэн байдаг. Би ч мөн адил тэгж боддог. Монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн. Тэр нь хамгийн сайхан. Үндэсний өв соёлоо хүндлээд энэ сайхан спортоороо хичээллэж эхэлсэн нь азтай юм болов уу гэж боддог. Ард түмнийхээ хайран дунд л байдаг даа. 
-Таны хувьд 2024 он ямар жил байсан бэ?
-Сайнтай, муутай л жил байлаа. Барилдах эрхээ ч хасууллаа, сайхан зүйл ч олон тохиолдсон. Алдаа, онооноосоо суралцаад л явж байна даа.
-Өмнө жил та заалны барилдаанд нэг түрүү, гурав үзүүрлэсэн шүү дээ. Үүнээс онцлох нь ямар барилдаан байсан бэ?
-Хамгийн гоё нь Наурызын баярын барилдаанд хамгийн анхны заалны түрүүгээ авсан. Б.Зоригтбаатар харцагатай түрүү, үзүүрт барилдсан. 
-Наурызын баярын барилдаанд нутгийн зон олон нь танаас хүлээлт өндөртэй байсан байх?
-Манай дэвжээний тэргүүн Наурызын баярын барилдаан гуравдугаар сарын 19-нд зохион байгуулсан. Жил бүр болдог. Тэр барилдаанд Н.Батсуурь аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэсэн. Би шөвгийн наймд үлдээд Б.Бат-Өлзий заанд унасан. Дараа нь гуравдугаар сарын 22-нд Төв аймгийн Батсүмбэрэл сумын 100 жилийн ойн барилдаан болсон. Тухайн үед яагаад гэдгийг мэдэхгүй цаанаасаа барилдмаар санагдаад бүртгүүлсэн. Тэр өдөр түрүү, үзүүрт үлдэе гэж огт бодоогүй байсан. Барилдсан барилдаан болгондоо л дээшээ явж барилдъя гэж барилддаг. Сайхан ч барилдаж түрүүлсэн.
quote photo
Ард түмнийхээ хайраар хүрээлүүлж явдагтаа үргэлж баярладаг
Улсын заан Б.Серик
-Барилдаан бүрээсээ суралцаад явдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Барилдаан болгоны дараа нь бичлэгээ үзэж алдаан дээрээ ажилладаг. Учраа таарсан бөхтэй барилдаан таарах, таарахгүй гээд янз бүр байдаг. Тэр болгоноос суралцаад явдаг.
-Та каз хүргэдэг заан гээд нэртэй болсон байна лээ?
-Харин тийн /инээв/. Каз бол манай гэр бүлийн бизнес. Манайхан сайхан хүлээж авдаг. Одоо үйл ажиллагаагаа явуулаад хоёр дахь жил рүүгээ орж байна. Бөхийн буян гэж сайхан зүйл бий. Ард түмэн “Заан каз” гэж нэр өгсөн. Захиалга ихтэй бас хүмүүс заавал зааны гараас авъя гэдэг. Бэлтгэл сургуулилтаа хийж байгаа болохоор  тэр бүрд завддаггүй ч аль болох хүн болгонд өөрөө хүргэж өгөхийг хичээдэг. 
-Баавгайтай ноцолддог омгоос улсын заан төрөлгүй яах вэ гэж нэг яриа гарсан байсан?
-Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд манай омог байдаг. Манай удмаас барилдаж цол аваагүй ч хүчтэй бяртай хүмүүс байсан юм билээ. Тиймдээ ч баавгайтай ноцолдсон түүх яриа байдаг.
-Та бол Баян-Өлгий аймгаас маш олон жилийн дараа төрсөн улсын заан цолтон шүү дээ. Цаашдын зорилго, зон олных нь хүлээлт өндөр байгаа болов уу?
-Би О.Бахыт харцагаас хойш 76 жилийн дараа Монгол Улсын заан цол хүртсэн. Нутгийнхан залуу хүн байна өшөө илүү том амжилт гаргаарай гэж үргэлж надад сануулдаг. Заримдаа бас алдах юм даа. Алдаанаасаа суралцаад бэлтгэл сургуулилтаа хийж, том зорилго тээж, намайг дэмждэг олон хүмүүсийн итгэлийг нь алдахгүйн тулд хичээж явна. Одоо яг манай үе ид барилдаж байна. 
-Бөхчүүдээс хэнтэй хамгийн олон удаа таарч барилдаж байгаа вэ. Барилдахад хамгийн эвгүй бөх таныхаар хэн бэ?
-Заалны барилдаан бараг долоо хоног бүр тогтмол зохион байгуулагдаж байгаа болохоор бүгдтэй нь  3-4 болон түүнээс дээш удаа барилдаж байна. Зааланд барилдаж буй хүн болгон барилдааны өөр, өөр хувилбар ашиглаж байдаг болохоор таамаглахад амаргүй. Миний хувьд О.Хангай аварга, Б.Бат-Өлзий заан гээд бяртай хүмүүст л олон унадаг даа. 
-Д.Анар заан та хоёр сайхан нөхөрлөлийн үлгэрлэл болж явдаг. Анх хэрхэн найзалж байсан бэ?
-2008 онд жүдо бөхөөр Ц.Шийрэв багшийн шавь болж ороход анх найзуудтайгаа танилцсан. Тэрнээс хойш Д.Анар заан бид хоёр хамтдаа бэлтгэл хийж баруун болон зүүн аймгуудыг холбосон доо. Нэгнийгээ хурцалж хамтдаа улсын заан цолтон болсондоо баярладаг. Намайг долоогийн даваанд амлаж улсын заан цолтон болгосонд нь үргэлж баярлаж явдаг.
-Нөхөрлөлийн үнэ цэн юунд оршдог гэж та боддог вэ?
-Эв нэгдэл дээр л тогтдог. Бид бэлтгэл дээр үнэн хүчийг үзэж бие биеийхээ барилдааныг чамбайруулж явдаг.
-Шинэ хүнтэй болох нь цол ахихыг бэлгэддэг гэдэг дээ?
-Тэгэлгүй яах вэ. Улсын заан болохдоо охинтой болсон. Заан цолыг охин минь авчирсан. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг.
-Таны бүжиглэж байгаа бичлэгүүд цахим орчинд нэлээд байдаг. Ер нь хэзээнээс бүжиглэх сонирхолтой болсон бэ?
-Багаасаа л хөгжим явахад бүжиглэх дуртай хүүхэд байсан. Гэртээ бол хөгжим тавиад охинтойгоо хамт бүжиглэчихдэг.
-Нууц биш бол 2025 оны зорилгоосоо хуваалцахгүй юү?
-Өмнө жилийн  хаалтаа бол сайхан хийсэн. Одоо Цагаан сарын барилдааны бэлтгэл сургуулилтдаа орсон байна. Заалны барилдаанд алгасахгүй барилдаж нэг түрүүлж, гурав үзүүрлэсэн амжилтаа 2025 ондоо бататган улам ахиулж, төрийн наадамд цолоо ахиулахыг хичээнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн