Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.07/ болж өнгөрлөө. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд төрийн өмчийн 122 компанийг 70 компани болгож бууруулах талаар яригдлаа. Төрийн өмчийн компаниуд баялгийн сангийн орлого нэмэгдэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Гэтэл ямар ч ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа компани олон байна. Цаашид ашиггүй ажиллаж байгаа компаниуд төрийн өмчит компани байх шаардлаггүй болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулгадаа онцлов.Үр ашигтай ажиллаж байгаа компаниудыг л төрийн өмчит компаниар үлдээх болноЗасгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Төрийн компанийн бүтээмжийг нэмэгдүүлж засаглалыг сайжруулах ил тод байдлыг хангуулах хуультай болсноороо бид улс төрийн нөлөөллийг багасгана. Олон жил ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирлуудын шалгуур ойлгомжгүй явж ирсэн. Сонгон шалгаруулалт нээлттэй гэдэг ч бодит байдал дээр нээлттэй байсан удаагүй. Тийм учраас нээлтийн сонгон шалгаруултын үйл явцыг бүрэн ойлгомжтой болгож байна. Мөн төрийн өмчит компаниудын статусыг бүрэн цэгцлэх болно. Статус нь юу гэвэл төсвийн хуулийг дагалдуулаад гурван жил санхүүгийн алдагдал хүлээсэн бол тухайн төрийн өмчит байгууллагыг шууд татан буулгах хуулийн зохицуулалт хийсэн. Төрийн өмчийн компаниудын хуулиар үр ашигтай, үр өгөөжтэй ажиллаж байгаа компаниудыг л төрийн өмчит компаниар үлдээх болно. Бусад ашиггүй ажиллаж байгаа, алдагдал хүлээж байгаа компаниудыг татан буулгаж, нэгтгэж зохион байгуулах шинэчлэл хийгдэх болно.