Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ 7 хоногт баруун аймгуудад ажиллахаар болжээ. Тэрээр өнөөдөр өргөтгөсөн багийн хамт Ховд аймагт ажилласан байна. 93 мянган хүн амтай Ховд аймгийн тухайд сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл буурсан, эрт илрүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай зэрэг сайн мэдээтэй байгаа юм.
Харин хүн амын дундах өвчлөлийг авч үзвэл ундны усны чанараас хамаарсан шүдний өвчлөлтэй байгаа юм байна. Мөн сумдуудад хүний нөөц дутмаг байгаа зэрэг асуудлуудыг онцоллоо. Эрүүл мэндийн сайд Ховд аймагт ажиллах хугацаандаа шийдвэрлэсэн зарим асуудлууд гэвэл БОЭТ-д MRI аппаратыг шийдвэрлэхээр болсон байна. Ингэхдээ ЭМЯ, сайдын багцаас 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 2 тэрбумыг гаргаж энэ оны хоёрдугаар улиралд багтаан суурилуулахаар болжээ. Мөн Ховд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургах багт хамруулахаар болсон бөгөөд 9 сумыг бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинаар хангав. Үлдсэн сумдыг энэ ондоо багтаан шийдвэрлэх юм байна.
Эрүүл мэндийн сайд бүсчилсэн хөгжилтэй уялдуулан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ЭМЯ-аас хэрэгжүүлж байгаа “Төвлөрлийг сааруулах” бодлого, “Хавдрын нэгдсэн бодлого” “Монголд эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах” бодлого, “Эмийн чанар хүртээмж”-ийг сайжруулах нэгдсэн бодлого, “Эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлого зэрэг бодлогын ажлуудыг танилцууллаа. Тэрээр маргааш Говь-Алтай аймагт ажиллахаар явах юм.