“Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ын 2025 оны анхны өглөөний уулзалт Хөгжлийн банкны алс хэтийн төлөвлөгөөг сонссоноор эхэллээ. Банкны өнөөгийн нөхцөл байдал үндсэндээ нэг байрандаа гацсан байгааг Гүйцэтгэх захирал З.Нарантуяа танилцуулсан юм.
МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ...
2022 оны эхэнд биднийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэрстэй анх танилцахад л хамгийн чанга, эвгүй гэгдэж байсан "хэцүү нэрт"-үүд өнөөх Хөтөл, Бэрэн, Эрэл тэргүүтэй зээлдэгчид одоо ч зээлээ эргүүлэн төлөөгүй байгаа нь банкны урагш алхах боломжийг хумьсан хэвээр байна. Хэдийгээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зээлийг эргүүлэн төлүүлэх бүхий л талын арга хэмжээг шат шатны байгууллагатай хамтран авч, гадаад бондын эргэн төлөлтөө хийж чадсан ч одоо хамгийн хүнд, эргүүлэн төлүүлэх чадамжгүй зээлүүд нь шигшигдээд үлджээ. Одоогоор эргүүлэн төлүүлэх шаардлагатай 700 гаруй тэрбум төгрөгийн зээл байгаа аж. Энэ нэгдүгээр том асуудал.
Ээлжит хүндрэл нь банкны гол үзүүлэлт болох актив хөрөнгийн хэмжээ 8 жилийн өмнөхтэй харьцуулахад 60 хувиар буурчээ. Тодруулбал, 2017 онд 5.8 их наяд төгрөг байсан актив хөрөнгө нь 2024 оны 12 сарын 31-ний байдлаар 2.3 их наяд төгрөг болсон байна. Чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарласнаас хойш банк зөвхөн зээлийг эргүүлэн төлүүлэхэд л гол хүчээ дайчилсаар ирсэн тул зээл олгох, төсөл санхүүжүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй зогсонги байдалд ороод царцжээ