Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар-тай “Apple Pay” үйлчилгээний талаар ярилцлаа.
-Монгол Улсад “Apple Pay” үйлчилгээ нэвтэрлээ. Энэ үйлчилгээний талаар товч мэдээлэл өгнө үү?
-“Apple Pay” үйлчилгээ нь 2018 онд үйлчилгээнд нэвтэрснээс хойш Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн 90 гаруй оронд 800 сая гаруй хэрэглэгчтэй болж, дэлхий даяар хүрээгээ тэлсээр байгаа сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл юм. Энэ үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компаний ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хурууны хээ, царай таних технологиор хормын дотор гүйлгээ хийхээс гадна Apple Music, Apple News+, Apple TV+ зэрэг үйлчилгээний эрх авах, App Store-оос тоглоом, аппликэйшн татах, ICloud-ийн багтаамжаа нэмэгдүүлэх зэрэг Apple-тай холбоотой бүх төлбөр тооцоог хийх боломжтой.
-Монголбанк нь улсын Төв банкны хувьд ямар үүрэгтэй энэ үйл ажиллагаанд оролцсон бэ?
-Монголбанк нь Монгол Улсын төлбөрийн системийг бүхэлд нь удирдан зохион байгуулж, төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхэд шаардлагатай төлбөрийн системийн дэд бүтэц, техник технологийн бэлэн байдлыг хангаж, улмаар тухайн дэд бүтцэд тулгуурлан иргэдийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд чиглэсэн арилжааны банкууд болон финтек байгууллагуудын хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажиллаж байна.