Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласнаар Улаанбаатар хотод урьд өмнө хэрэгжиж байгаагүй дэд бүтцийн томоохон ажлууд өрнөхөөр болж байна. Тухайлбал, Туулын хурдны зам барих тендерийг энэ сард зарлаж, ирэх хавраас барилгын ажлыг эхлүүлж, 24 сарын дотор барина гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдээд байгаа.
Тэгвэл нийслэл хотын зүүнээс баруун зах хүртэл Туул голын хойд далан дагуу 33 км үргэлжлэх өндөр ангиллын энэ замын төсөл өнгөрсөн хугацаанд улс төрийн ямар “зовлон” туучсаныг эргэн нэг санацгаая. Өөрөөр хэлбэл, Туулын хурдны замын төсөл бол цоо шинэ ажил биш бөгөөд 10 гаруй жилийн өмнө ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болсон ч ердөө улс төрийн шалтгаанаар өнөөдрийг хүртэл гацсан “хөгшин” төсөл юм.
Туулын хурдны замын автор хэн бэ?
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед /2012-2014/ нийслэлийн нүүр царайг өөрчилсөн хамгийн үр дүнтэй ажлын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг “Гудамж” төсөлд хамаарах дөрвөн том бүлэг ажлын нэг нь “Хурдны зам” дэд төсөл байв. Тодруулбал, “Хотын төв” дэд төслийн хүрээнд хотын замын уулзваруудыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож байсан бол “Гэр хороолол” дэд төслөөр Гандангийн дэнжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Мөн “Аймгийн төв” дэд төсөл 21 аймгийн төвийг дараагийн Улаанбаатар болгохгүйн тулд анхнаас нь зөв дэд бүтэц, зам харилцаатай болгохоор Увс, Архангай зэрэг аймгаас ажил эхэлж байлаа. Харин нийслэлийн замын түгжрэл төдийгүй хэт төвлөрлийг задалж, дагуул хотуудыг хөгжүүлэх алсын хараатай “Хурдны зам” дэд төслийн хамгийн эхний ажил нь Туулын хурдны замын төсөл. Цаашлаад Улиастайн хурдны зам, Сэлбийн хурдны зам... гээд босоо чиглэлүүдэд хэд хэдэн хурдны зам барих төлөвлөлт, судалгааны ажлууд хийгдсэн. Хурдны замуудыг хот дундуур урсдаг томоохон голуудыг дагуулж төлөвлөсөн нь нэгдүгээрт, газар чөлөөлөлтийн бэрхшээлийг харгалзсан, хоёрдугаарт, үерийн эрсдэлийг бууруулах буюу нэг сумаар хоёр туулай буудаж, замтай болохын зэрэгцээ далангийн хамгаалалтыг сайжруулах тооцоолол байсныг төсөл санаачлагч архитектор, инженерүүд хэлдэг.