Open iToim app
2025 онд эхлэх нийслэлийн онцлох 10 бүтээн байгуулалт
Нийгэм | 5 мин уншина

2025 онд эхлэх нийслэлийн онцлох 10 бүтээн байгуулалт

Нийтэлсэн 2025 оны 1 сарын 3
Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарласан.  Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаад байна. Иймд Нийслэлд 2025 оноос  хийж эхлэх томоохон бүтээн байгуулалтуудыг хүргэе.
1.Шинэ зуунмод хотын дэд бүтцийн зураг төсөвт 10 тэрбумыг төсөвлөсөн
Шинэ Зуун мод хотыг Богдхан уулын баруун урд, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл энэ онд Нийслэлээс Шинэ зуунмод хотын дэд бүтцийн зураг төсөвт 10 тэрбумыг төлөвлөжээ. Шинэ зуунмод хот 2040 он гэхэд бэлэн болж Засгийн газар яам, агентлагуудынхаа хамтаар нүүж очсон байхаар зураглаад буй.
2.Туулын хурдны зам
Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Туулын хурдны зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрнээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.  Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.
3.Бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 9 байршилд байгуулна
2025 онд бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 9 байршилд байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал,
Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:
1. Зайсан дулааны станц /28 МВт/
2. Их засаг дулааны станц /50 МВт/
3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/
Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:
1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
2. Залуус дулааны станц /93 МВт/
3. Яармаг дулааны станц /93 МВт/
4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
5. Шархад дулааны станц /121 МВт/ зэрэг юм.
4.Метроны барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусаад байна. Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт UKS буюу Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж, метроны төслийг санхүүжүүлэхээр болсон.
Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгараад байгаа билээ.
5.Дүүжин тээврийг ашиглалтад оруулна
Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа дүүжин тээврийн угсралтын нэгдүгээр шугамын бүтээн байгуулалтыг 2026 оны эхний улиралд ашиглалт оруулах аж. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор иргэд Яармагаас хотын төвийн зүүн хэсэг рүү автомашингүй зорчих боломж бүрдэж байгаа нь замын түгжрэлийг бууруулах болон аялал жуулчлалд эерэг нөлөөтэй гэж үзэж буй.
6.20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулах суурь тавигдана
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцыг барьж буй.
7.“ТЭЦ V” төслийг төр хувийн хэвшлийн хүрээнд барина
Өмнө нь батлагдсан V цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-ээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Японы хөрөнгө оруулалтаар шинэ Дулааны цахилгаан станц /ДЦС/ бариулах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Улмаар 2025 оноос "ТЭЦ II"-ын үндсэн санг түшиглэн, уг байршилд тавдугаар цахилгаан станц барих санхүүжилтийг Япон улс бүрэн санхүүжүүлэх бөгөөд 2025 оны хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх аж.
8.Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл
2025 онд хог шатаах  20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатарчууд 2026 оноос эхлээд газарт хогоо булахгүй. Үүний тулд Цагаан даваа болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүр нь 24 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай хог шатаах үйлдвэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Гэрээг хотын дарга Х.Нямбаатар 2024 оны сүүлчээр үзэглэнэ. Түүнчлэн, хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал болгох төслийг Европын сэргээн босголтын банктай хамтран хэрэгжүүлж дуусах шатандаа явж байгаа гэж хэлсэн.
9.Лаг хатаах, шатаах үйлдвэрийг шинээр байгуулах
ЗДТГ-аас инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2024-2028 онд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэхээр үе шаттай ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Төв цэвэрлэх байгууламжийн ажил одоогоор дууссан ч бохир дамжуулах шугам, лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй байгаа. Иймд лаг хатаах, шатаах үйлдвэрийг ахиж шинээр байгуулахаас өөр аргагүй юм.
10.Шинэ тойрог автозам
Их тойруугийн гудамжинд 13 км урт үргэлжлэх шинэ тойрог зам нь 4-6 эгнээтэй байх бөгөөд “Complete street” буюу явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогц гудамж болох юм. Энэхүү төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг 2024 оны аравдугаар сард зарласан.
Шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн