Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

Дээд шүүхийн шийдвэр албажсанаар Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрх дуусгавар болно

Дээд шүүхийн шийдвэр албажсанаар Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрх дуусгавар болно
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 3
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч УИХ ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар байгаа юм. Уг нь УИХ шүүхийн шийдвэрийг хүлээн авч, албан бичгээр шийдвэр гаргах зохицуулалттай. Гэсэн хэдий ч УИХ нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, "албажиж ирээгүй байна" гэсэн шалтгаанаар хойшлуулсаар байна.
Улсын дээд шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан ч одоогоор шүүхийн тогтоол албажаагүй байна. Хуульд 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг албажуулна, шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгаж болно гэж заажээ. Тиймээс энэ хугацаанд Улсын дээд шүүх шийдвэрээ албажуулна. Гэхдээ хуульд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хэрэгжүүлнэ гэж зааснаас албажиж ирсэн өдрөөс хэрэгжүүлнэ гэж заагаагүй. Гэтэл УИХ шүүхийн шийдвэр албажиж ирээгүй гэсэн тайлбар өгөөд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, ямар нэгэн тайлбар өгөхөөс зайлсхийж байна.
Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүн шүүхээс ял авсан анхны тохиолдол энэ болж байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэрэг хийсэн, эсэх шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ-ийн гишүүнээр сонгогдсон.
УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай
  • 9.1-5 “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол" гэж заасан байдаг. Тус заалтаар явбал Дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх дуусгавар болно. Гэхдээ тэрээр одоо ч чуулганы хуралдаандаа сууж, хууль батлах санал хураалтад оролцсоор байгаа билээ.
Б.Баярбаатар: УИХ Шүүхийн шийдвэрийг хэлэлцэх эрхгүй
Энэ талаар УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодруулсан юм.
undefined
Тэрээр "Шүүхийн тогтоол албажиж гараад УИХ-д ирээгүй байна. Албажаагүй юмыг УИХ ярих эрх зүйн үндэс байхгүй. Ямар ч байсан шүүхийн шийдвэр албажаад ирэг. Ирснийх нь дараа асуудлыг яръя гэж эхний байдлаар шийдсэн. Гэхдээ УИХ шүүхийн шийдвэрийг хэлэлцэх ч эрх зүйн үндэс байхгүй. Хэрвээ хэлэлцвэл парламент өөрөө хууль зөрчинө. Хэрвээ шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцвэл шүүх гэж байгаад яах юм бэ гэдэг байдал руу орно. Ер нь энэ маш ээдрээтэй байдал үүсчихээд байгаа юм. Ямар ч байсан шүүхийн тогтоол албажаад ирэг гээд түр харзнасан байдалтай байна" гэсэн юм.
undefined
Мөн Хуульч Б.Гүнбилэгээс энэ тохиолдолд процесс хэрхэн үргэлжлэх талаар тодруулахад “Шүүхийн шийдвэр нь гарсан бол УИХ-ын дарга асуудлыг хэлэлцэх асуудалд оруулаад, УИХ-ын тогтоол батлаад эгүүлэн татна. Үндсэн хууль. Хорин есдүгээр зүйл.
З. "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж заасан байдаг" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2024 оны УИХ-ын сонгуулиар Хангай бүс буюу нэгдүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрээр 55,935 сонгогчийн санал авч анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Гэхдээ шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон учраас Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаар түүний бүрэн эрх дуусгавар болох ёстой. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш тэрээр хэвлэлд өгсөн тайлбартаа гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэсэн юм.
undefined
Д.Цогтбаатар “Би УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны  дагуу  нэр дэвшихдээ шүүхийн байгууллагаас бүх шийдвэрээ аваад Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх. Одоогоор албажиж ирээгүй байна. Цаашдаа хуулийн дагуу асуудал шийдэгдээд явах байх. Би тангараг өргөхдөө Үндсэн хууль зөрчихгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Тангараг өргөснөөс хойш би ямар нэг хууль зөрчөөгүй. Би гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгөхгүй” гэсэн билээ.
Дээд шүүх "Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээснээ танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн