Ханиад, томууны шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношлох нь эмчилгээнд чухал ач холбогдолтой гэдгийг эмч нар зөвлөдөг. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушгины хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй. Тэгвэл ханиад болон томуугийн үед ямар ялгаатай шинж тэмдэг илэрдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.
Ханиадны үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Ханиадны шинж тэмдэг ихэвчлэн хоолой хөндүүрлэхээс эхлэх бөгөөд 1-2 хоногийн дараа аажимдаа арилдаг. Цаашлаад нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдэг халдвар авснаас 4-5 хоногт үргэлжлэн илэрнэ. Насанд хүрэгчид халуурах нь ховор. Хүүхдүүд ханиадны үед халуурах нь түгээмэл.
Ханиад хүрсэн эхний хэд хоногт хамраас усархаг, шингэн нус гарч, яваандаа өтгөрч, өнгө нь тодорно. Хамраас бараан өнгийн нус гарах нь хэвийн зүйл. Ихэнх тохиолдолд ханиадны шинж тэмдэг 7 хоногийн хугацаанд арилдаг.
Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон хэрхэн эмчилгээ хийлгэх вэ
Халдвар авсан эхний 3 хоног нь шинж тэмдэг хүчтэй илэрч, халдварыг бусдад тараах боломжтой байдаг үе. Иймд эхний 3 хоногт бусдад халдвар тараахгүйн тулд гадуур гаралгүй, гэртээ амрах нь зүйтэй.