Улиран одож буй 2024 онд зүлэг ногоон дэвжээн дээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин төрийн наадмын өндөр даваанд барилдсан онцлох таван бөхийн сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Жилд ганц тохиох төрийн наадам бол торгон зодгийн ширээс атгаж, тэнхээт эрсийн тоонд багтсан бөхчүүдийн хэн нь илүү хичээж хөдөлмөрлөсний шалгуур байдаг билээ.
Энэ жилийн наадмаар Увс аймгийн Ховд сумын уугуул Н.Батсуурь ес даван түрүүлсэн. Ингэснээр дархан аварга Х.Баянмөнхөөс хойш Увс нутгаас 53 жилийн дараа дархан аварга цолтон төрөв. Тэрээр төрийн наадамд дөрөв түрүүлж, зургаа дараалан шөвгөрч нэгэн арванд тохиогоогүй амжилт үзүүлсэн.
Өдгөө 36 настай Н.Батсуурь анх аймгийн начин цолтой байхдаа л Увсын цэнхэр хязгаараас бахдам амжилт гаргах бөхчүүдийн тааварт багтаж байлаа. Түүний өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой. Ж.Гэлэг нь 1950 оны Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор дархан аварга Ш.Батсууриар тав давж, улсын начин цол хүртсэн учир ач хүүдээ бэлгэдлийг нь бодож, их аваргын нэрийг хайрлажээ. Тус үйл явдлаас хойш 74 жилийн дараа Ж.Гэлэгийн ач хүү Н.Батсуурь дархан аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон байна.
Улсын арслан Б.Орхонбаяр 26 насандаа хоёр дахь удаагаа төрийн наадмын түрүүг булаалдаж, ирэх цагийн өнгийг тодорхойлох хүчтэн гэдгээ баталсан. Өргөн Сэлэнгээс дахин аварга төрөх нь ердөө л цаг хугацааны асуудал шүү гэдгийг энэ жилийн наадмаар яруу тодоор харуулсан. Түүнчлэн, тэрээр энэ жилийн наадмаар монгол түмэнд маш их хайрлагдсан. Түүнийг жудагтай бөх гэдгээр нь олон хүн хүндэлж магадгүй Монголын хамгийн олон дэмжигчтэй бөхчүүдийн дунд дээгүүр жагсах болсноо харуулсан.
Б.Орхонбаяр нь 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэг, мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин болсон. Мөн 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн төдийгүй 26 насандаа Үндэсний Их баяр наадамд хоёр дахиа үзүүрлээд байна.
Өнөө жилийн наадмын цол ахих тааварт хамгийн дээгүүр яригдаж байсан бөгөөд улсын заан цолны болзол хангасан бөх бол Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Д.Хүдэрбулга юм. Тодруулбал, тэрээр аймгийн арслан П.Өсөхбаатараар дөрөв, аймгийн арслан Г.Төрмөнхөөр тав, аймгийн арслан Л.Энхсаруулаар зургаа, улсын аварга О.Хангайгаар долоо давж " Монгол Улсын заан " цол хүртсэн.
Д.Хүдэрбулга 2011 онд аймгийн начин, 2012 онд аймгийн харцага, 2014 онд Төв аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон. Түүнчлэн, зургаан жил аймгийн цолтой явсны эцэст 2020 онд улсын заан Б.Батмөнхөөр тав давж улсын начин болсон билээ. Улсын заан цолтон болоод Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн заалны барилдаанд анхны түрүүгээ хүртээд байна. Түүнийг бөх сонирхогчид ирээдүйн аварга ч болж мэдэх бөх хэмээн тааварладаг.
Улсын харцага Э.Ууганбаяр
Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Э.Ууганбаяр улсын начин Э.Мөнхжаргалаар зургаа давж улсын харцага цолтон болсон. Түүнчлэн, түүний давсан бөхчүүдийг дурдвал:
Нэгийн даваанд сумын заан О.Эрдэнэтовч
Хоёрын даваанд аймгийн арслан Б.Ганбаатар
Гурвын даваанд аймгийн заан О.Баяржаргал
Дөрвийн даваанд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар
Тавын даваанд аймгийн арслан П.Хүрэлбаатарыг давсан.
Э.Ууганбаяр 2013 онд аймгийн начин, 2016 онд аймгийн арслан болсон. Заалны барилдаанд түүн шиг олон түрүүлж, үзүүрлэсэн аймгийн цолтой бөх тун цөөн. Дэвжээ нь томдоогүй, өрсөлдөгч нь ахдаагүй олон барилдааны ялагч явлаа. Бөхийн хүрээнийхэн түүнийг улсын цол авахыг олон ч жил хүлээсэн. Хүндхэн бэртлээс болж хоёр наадам, Цагаан сарын барилдааныг өнжсөн тэрээр дэмжигчдэдээ “бэлэг” барьж 2023 онд улсын начин болсон. Ингээд улсын начин, харцага гээд жил дараалан хоёр цол ахисан юм.
Улсын харцага Т.Сайханжаргал
Наадмаар аймгийн арслан цолноос харайж улсын харцага цолонд хүрсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Т.Сайханжаргал энэ жилийн нэгэн тод өнгө. Тэрээр энэ жилийн баяр наадмаар дараах бөхчүүдийг давж харцага цолонд хүрчээ. Тодруулбал:
Нэгийн даваанд аймгийн начин Т.Мягмаржав
Хоёрын даваанд улсын начин Л.Отгонбаатар
Гурвын даваанд аймгийн арслан Ө.Сүхбат
Дөрвийн даваанд улсын харцага Н.Золбоо
Тавын даваанд улсын гарьд Б.Гочигдамба
Зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг давсан.
Тэрээр 2014 онд аймгийн начин, 2015 онд аймгийн арслан цол хүртсэн. Говь-Алтай аймгаас 2018 оны баяр наадмаар улсын начин Ц.Бямба-Очир тав давж, улсын цолонд хүрснээс хойш өнөө жилийн наадам хүртэл алтайчууд есөн хөлт тугийг тавантаа тойрох хүчтэн гараагүй юм. Харин Т.Сайханжаргал төрж, өссөн Дэлгэр сумынхаа түүхт 100 жилийн ойн босгон дээр улсын харцага цолонд хүрч Дэлгэрчүүд төдийгүй алтайнхны магнайг тэнийлгэсэн билээ.