Шинэ оны ажлын эхний өдрөөс хэрэгжих хууль, тогтоол, шийдвэрийг танилцуулж байна.
Төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтөлнө
Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан юм. Энэ заалт маргаашаас хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн уг заалтыг дагаж мөрдөх хүрээнд 2022 онд Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хариуцан ажиллахаар болсон байдаг.
Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Хуулийн энэ заалтын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол 2025 оын нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхэд 297.4 тэрбум төгрөг зарцуулна.
Алдарт эхийн одонгийн тэтгэмж хоёр дахин нэмэгдэнэ
"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой ээжид жилд нэг удаа 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой ээжид 100 мянган төгрөг олгодог. Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэр нь ГБХНХЯ-наас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой юм. Ингэснээр алдарт эхийн одонгийн тэтгэмж 200 мянган болон 400 мянган төгрөг болж байна.
Автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө
Иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суувал төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино.
Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.
Автомашины албан татвар нэмэгдэнэ
НИТХ-ын хуралдаанаар баталсан автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын шинэчилсэн тогтоол шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн тарифаар жолооч нар автомашины моторын багтаамжаас хамаарч дараах байдлаар татвар төлөх юм.
НИТХ-аас гаргасан моторын багтаамж:
4000-с дээш бол өдөрт 694, жилд 250 мянган төгрөг
2001-3000 бол өдөрт 416, жилд 150 мянган төгрөг
2000 хүртэлх бол өдөрт 275, жилд 100 мянган төгрөг болгон нэмжээ.
Зам ашигласны төлбөр нэмэгдэнэ
Мөн НИТХ-ын тогтоолын дагуу зам ашигласны төлбөр дараах байдлаар нэмэгдэж байна.
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20 мянган төгрөгөөс 100 мянга
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30 мянган төгрөгөөс 150 мянга
4001-ээс дээш моторын багтаамжтай машин 50 мянган төгрөгөөс 250 мянган төгрөг болно.
Торгуулиа төлөхгүй бол нийтэд тустай ажил хийнэ
2025 оны нэгдүгээ сараас эхлээд замын хөдөлгөөний торгууль нь 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ. Ингэхдээ нэг өдрийн найман цагаар буюу 15 мянган төгрөгөөр тооцон төлбөрийг авна. Жишээлбэл, 450 мянган төгрөгийн торгуультай жолооч 30 хоног нийтэд тустай ажил хийнэ гэсэн үг. Ийм байдлаар төлбөрийг барагдуулна. Жолооч 450 мянган төгрөгөөс доош торгуультай бол цагдаагийн албан хаагч тухайн тээврийн хэрэгслийг зогсоож, торгуулийг нь төлүүлэх арга хэмжээ авна. Торгуулиа төлөхөөс татгалзсан тохиолдолд автомашиныг нь журмын хашаанд байрлуулна.
Ахмад насны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй ашиглавал хорих ял онооно
2024 оны зургадугаар сард Ахмад настны хуульд тусгаснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг ахмад настан гэнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 345 мянган ахмад настан байна. Хүн ам зүйн өөрчлөлт болон ахмад настнуудын тоо өсөж байгаатай уялдуулан нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх, урт хугацааны тусламж үйлчилгээ, хүн төвтэй нэгдсэн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд уг хуульд өөрчлөлт оруулжээ.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Ахмад настны тухай хуулийн:
9.9-д ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно. Өөрөөр хэлбэл, ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэвэл тухайн ахмад настныг ажиллуулж буй байгууллага тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг төлөхгүй байж болно.
2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэгт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах зэрэг үйлдэл орно.
“1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”Зөрчлийн тухай хуульд:
“4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ.
Aж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнийг төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллага дагаж мөрдөнө. Мөн ААН-үүдийн 1 хүртэлх хувийн татварыг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.