Улиран одож буй 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн ажлыг тоймлон хүргэвэл.
Ерөнхийлөгчийн урилгаар нэг жилийн дотор Герман, Беларусь, Лаос, Бутан, Словени, Швейцар, Орос, Вьетнам, Казахстан гэсэн улс орнуудын Ерөнхийлөгч, хаан айлчилсан нь манай улсын түүхэнд байгаагүй гадаад харилцааны идэвхтэй он жил боллоо. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд улсаа төлөөлөн оролцов. Узбекистан улс , Туркменистан улсад төрийн айлчлал хийв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургуулан, 12 мянга гаруй тн үр, 63 сая тарьц, суулгацын нөөцтэй болж, нөөц өмнөх онтой харьцуулахад тав дахин нэмэгдлээ. Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийж, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн ургах чадвараа алдахаас хамгааллаа.
“ЦАГААН АЛТ” хөтөлбөр эхлүүлэв.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, экспортыг хоёр дахин өсгөж 800 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд 2025 онд арилжааны 10 банк аж ахуйн нэгжүүдэд 789 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.