Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ц.Туваан: Одоо Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах ажилдаа орно

Ц.Туваан:  Одоо Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах ажилдаа орно
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 30
УИХ өнгөрсөн баасан гаригт “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг баталсан.
Ингэснээр Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон ураны төслөө эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн боломж бүрдсэн юм. УИХ тогтоолын төслийг баталснаар ирэх хавраас төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэгвэл одоо хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажилдаа орох юм байна. Хэлэлцээр дууссаны дараа УИХ-аар соёрхон батлуулах аж. Үүний дараа БНХАУ-ын талаас тавьж байгаа гурвалсан гэрээг зурна гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлсэн юм.
Тэрээр "Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хамгийн дээд хүчин чадалдаа тулчихсан. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг холбож байж Гашуунсухайтын боомтоор 30 сая тонн нүүрсний экспорт нэмэгдэнэ. Одоо хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах ажилдаа орно. Хоёр талт хэлэлцээр учраас цаг хугацаа орно. Хэлэлцээрийг баталсны дараа УИХ-аар соёрхон батлуулахаар оруулж ирнэ. Нүүрсийг бид шууд борлуулж байгаа учраас манай улсын валютын нөөц нэмэгдэнэ. Мөн дам болон давхар ашиг гарч ирнэ" гэсэн юм.
Манай улс 2004 оноос нүүрсээ экспортолж эхэлсэн байдаг. Тухайн жилээ 16 сая тонн нүүрс экспортлож 16 сая ам.долларын орлого олж байжээ. Үүнээс хойш 20 жилийн хугацаанд 410 сая тонн нүүрс экспортолж 37.8 тэрбум ам.долларын орлого олсон байна. Үүний дийлэнхийг буюу 278 сая тонн нүүрсийг өнгөрсөн найман жилийн хугацаанд борлуулж, 29.5 тэрбум ам.долларын орлого олжээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрээр ирэх 16 жилд манай улс 270 сая тонн нүүрс экспортолж, 34 тэрбум ам.долларын орлого олох гэрээ хийж байгаа юм. Гэхдээ энэ хугацаанд нүүрсээ биржийн үнээр борлуулахгүй бөгөөд одоо БНХАУ-ын компаниудад зарж байгаа үнээр борлуулахаар гэрээ хийхээр тохироод байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн