Open iToim app
Зочин | 14 мин уншина

Б.Цэрэндондов: ХҮН БҮР ХӨГЖИМЧИН БОЛОХ АЛБАГҮЙ Ч УРЛАГТ ОЙРХОН ХҮҮХЭД ЯДАЖ Л ЗӨӨЛӨН СЭТГЭЛТЭЙ ХҮН БОЛЖ ӨСНӨ

Б.Цэрэндондов: ХҮН БҮР ХӨГЖИМЧИН БОЛОХ АЛБАГҮЙ Ч УРЛАГТ ОЙРХОН ХҮҮХЭД ЯДАЖ Л ЗӨӨЛӨН СЭТГЭЛТЭЙ ХҮН БОЛЖ ӨСНӨ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 30
Мэргэжлийн сонгодог урлагийн томоохон бүтээл болох “Есүхэй буюу Тэнгэрийн гэрээс”, “Ану хатан”, Монголын анхны фольк дууриуд, “Бөртө” хөгжимт драм, “Баатар ван Наваан-Юндэн” бүжгэн жүжиг монголчуудын сэтгэлд хоногшсон олон сайхан дуу “Гүнж тогоруу”, “Хонгор зул”, “Зүүдэн хайлан ижий”, “Сутай зүгийн нутаг”, “Шаргын говь”, “Гурван шүтээн”, “Намайгаа дурсаарай” зэрэг дууны аяыг зохиосон хүн бол хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Баатарын Цэрэндондов билээ. Тэрээр одоогоос гурван жилийн өмнө хүнд өвчний оноштойгоор мэс засал хийлгэсэнээс хойш өнөөдрийг хүртэл өмнөд хөршид очиж эмчлүүлж байгаа ба түүнтэй эмчилгээндээ явахынх нь өмнөхөн уулзаж ярилцлаа. 
-Таны эмчилгээ дажгүй юу. Бие тань ямархуу байна?
Химийн эмчилгээнд олон удаа ороод байна. Маргааш Хятад руу эмчилгээндээ явах гээд байж байна. Одоо гурван удаа химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Химийн хүчтэй тарианы хор хүний биеийг их туйлдуулдаг юм байна. Зарим үед ч сэтгэлийн тэнхээ тасрах дээрээ тулаад л байна шүү.
-Урилгыг хүлээн авсан таньд баярлалаа. Хоёулаа нутгийн тухай яриагаар эхлэх үү. Та Говь-Алтайнх. Танай нутгийнхныг Монголын суу билэгтний өлгий нутаг, Монголын еврейчүүд ч гэж ярьцгаадаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Тийм шүү. Монголын баруун хил хязгаар нутагт Алтайн нуруу дамжсан генийн их урсгал бий гэж боддог. Монгол Алтай нурууны хэсэг нэг дороос Монголын суу билэгт нэрт зохиолч, эрдэмтэн, соён гэгээрүүлэгчид олноор төрөн гарсан байдаг. Жишээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ Л.Түдэв, Монголын нэрт зохиолч Ч.Лодойдамба, нэрт яруу найрагч М.Цэдэндорж, Төрийн соёрхолт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Норов, СГЗ С.Пүрэв, СГЗ Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Жамъян, СГЗ Д.Дашдондов, СГЗ Доктор Ү.Хүрэлбаатар, СГЗ Ц.Балдорж, СГЗ.Б.Галаарид, СГЗ, Төрийн шагналт Х.Чилаажав, СГЗ сэтгүүлч, яруу найрагч Д.Лхагвасүрэн, зохиолч Зүмпэрэлийн Гүнсэн, Төрийн соёрхолт, МУ-ын ардын багш Ш.Чоймаа гэх мэт. Алтай сумаас гэхэд Ч.Алагсай гээд говь нутгийн талаар анхны сонирхолтой зохиол бичсэн байдаг. Бигэр сумаас Монголын анхны зөгнөлт зохиолч “Болор толийн нууц” романийг бичсэн Ж.Гал гээд үргэлжилнэ. Тонхил сумаас гэхэд л Б.Ганбат, Т.Очирхүү, М.Дэмчиг, Г.Чардаг гээд явах жишээний. Залуу үеийнхнээс гэвэл СТА яруу найрагч М.Билэгсайхан, зохиолч сэтгүүлч Б.Наминчимэд, сэтгүүлч Н.Нагаанбуу, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин гээд залуучууд зөндөө байгаа. Ингээд үргэлжлүүлээд ярих юм бол зөндөө хүн байдаг. 
-Сонин юм шүү. Ихэвчлэн зохиолч, яруу найрагч, хэл бичгийн хүмүүс олноор төрөн гарсан нь юутай холбоотой байдаг юм бол?
-Алтайн нутгийн байгаль, цаг уур, газрын тогтоц гээд тэр уулархаг нутгийн генийн урсгал байдаг болов уу.  Дээр үед зохиолчдын хороог дөнгөж эмхэлж байх үед Говь-Алтайг гурван сайн зохиолчтой, 30 маруухан зохиолчтэй гэж ярьдаг байсан гэдэг. Харин одоо бол 30 сайн зохиолчтой, 300 маруухан зохиолчтой нутаг гэдэг юм билээ. \инээв\ Хэл бичгийн ухааны доктор С.Галсан, ардын багш Ш.Чоймаа, зурхайч Л.Тэрбиш гээд Алтайгаас төрсөн хүмүүс шүү дээ. 
Та хүүхэд насныхаа талаар дурсахгүй юу?
- Манай аав, ээж хоёр Бугат сумын уугуул, мал малладаг малчин хүмүүс. Тухайн үед манай сум дөрөвдүгээр анги төгсгөдөг бага сургуультай байсан. Таван настай байхад том эгч маань бага сургуулиа төгсөж ирээд надад бичиг үсэг зааж эхэлсэн. Тэр үеийн хүүхдүүд дөрөвдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарч байсан үе. Сурлага сайтай их олон хүүхдүүд малчин болж тэр хэвээрээ үлдсэн байдаг. Миний хувьд сургуульд орохоосоо өмнө уншиж бичиж, дөрвөн аргын тоо ч бодоод сурчихсан байсан. Зургаан настайдаа цэрэгт явсан том ахдаа захиа бичиж байлаа. Я.Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” романыг анх уншиж номын амтанд орсон. Тэр цагаас хойш “Оюунтүлхүүр”, “Цог” сэтгүүл гээд уншиж болох юу л байна тэр бүгдийг олж уншдаг байсан. 
-Хэзээнээс эхэлж хөгжим, урлагт дуртай болов?
-Би есөн настайдаа сургуульд орж, сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан. Байрны хүүхдүүд чөлөөт цагаараа оролддог, хоёр эгнээ товчлууртай гармон гээд Оросын хөөрөгт хөгжим байдаг байсан. Нэг л өдөр тэр хөгжмийг оролдсоор байгаад ганц дуу оруулж үзээд л сурчихсан. Хүүхэд л юм чинь урамшаад нэг мэдэхэд л мэддэг бүх дуугаа тоглоод сурчихсан. Тэр үеэс л хөгжимд бүр хорхойсоод сүүлдээ нөгөө муу гармон хөгжмөө голоод, клубын эрхлэгч хамаатны ахаасаа баянхуур хөгжим гуйж авчраад байрандаа тавьчихсан тоглож эхэлсэн. Ангийн найз Лхачинтайгаа хамтраад гармон, баянхуур, аккордион хөгжмийг баруун зүүн гараараа тоглоод сурчихсан. Наймдугаар ангиа төгсөх үед сумынхаа урлаг, уран сайханчдын концерт, урлагийн үзлэг, уран сайхны бүх л ажилд найзтайгаа оролцдог болчихсон байв. Манай сумын урлаг, уран сайханы ажилд бид хоёргүй юм байдаггүй байлаа. 
-Гармон хөгжим л таныг хөгжимд дурлуулж, урлаг руу хөтөлсөн байх нь ээ?
-Ер нь бол тийм шүү. Тэр үеэс л хөгжимд дуртай болж урлагаар явах мөрөөдөлтэй болсон байсан. Наймдугаар ангиа төгсөөд сурлагаараа тавдугаар байрт жагсаж байсан. Аймагтаа очиж Багшийн сургуулийн соёл, дуу хөгжмийн ангид шалгалт өглөө. Гэтэл сурлагаараа надаас өмнө жагссан манай ангийн хүүхэд өнөөх хуваарийг би авна гээд эцэх эх нь хөөцөлдөөд болдоггүй. Миний хувьд гэвэл гуравдугаар ангид байхдаа аавыгаа, зургаадугаар ангид байхдаа ээжийгээ алдаад бүтэн өнчин хүүхэд. Өмнөөс минь өмөөрөөд хэлж ярих ч хүнгүй. Тэгэхэд манай сургуулийн пионерийн ахлах удирдагч Р.Алтангэрэл багш “Урлагийн сургуульд сурлагатай биш хэн авъяастай нь явах ёстой” гэж хөөцөлдсөөр Багшийн сургуулийн соёл, дуу хөгжмийн ангид орж байлаа. Одоо ч Р.Алтангэрэл багшдаа баярлаж явдаг юм.
-Хүссэн сургуульдаа анх ороход ямар сэтгэгдэл төрж байв?
-Бадрангуй алдарт багшийн сургуулийнхаа хаалгаар анх орж ирээд л харсан зүйл маань Хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа, Монгол Улсын ХХ зууны манлай хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж, Н.Жанцанноров тэргүүтэй урлагийн бурхадын зураг сургуулийн ханаар нэг өлгөөтэй байхыг хараад өөрийн эрхгүй гайхах, баярлах хоёр зэрэгцэж байсан. Энэ сургуульд суралцаад олон сайхан багш нараараа хөгжмийн онол заалгасан. Гуравдугаар курсээсээ эхэлж өөрийн сонирхолын дагуу хөгжмийн зохиолчоор мэргэших санаатай ганцаарчлан суралцаж Ч.Сангидорж, Д.Баттөмөр, Ц.Чинзориг багш нараараа дуурьсахуйн ухаан, хөгжмийн зохиомж заалгаж эхэлсэн. Хожим Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун багш дээр удирдаачаар суралцсан даа.
-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ. Ямар ямар уран бүтээл хийж байв?
-1984 онд сургуулиа төгсөөд шууд Алтай чуулгад хөгжимчнөөр ирж байлаа. Говь-Алтай аймгийн Алтай чуулгад хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн удирдаач, уран сайхны удирдагчаар 15 жил ажилласан. Алтай чуулгад байхдаа ихэвчлэн дууны уран бүтээл их хийсэн. “Гүнж тогоруу”, “Зүүдэн хайлан ижий”, “Хонгорзул”, “Сутай зүгийн нутаг”, “Намар оройн бороо” гээд тоочвол их олон дуу бий.  Алтай чуулгад ажиллаж байхдаа 100 гаруй дуу, концертын бүжгийн хөгжим 20-иод, цөөхүүл, найрал, гоцлол хөгжмийн бүтээл 10-аадыг бичсэн байдаг. 
Одоо эргээд уран бүтээлээ харж байхад хоёр фольк дуурь, нэг бүжгэн жүжиг, нэг хөгжимт драм, хоёр урансайхны киноны хөгжим, 50 гаруй концертийн бүжгийн хөгжим, сюит, чуулбар, дан хөгжмийн болон цөөхүүл, найрал, гоцлол хөгжмийн 30 гаруй бүтээл хийсэн. Найрал дуу, найрал хөгжим, цөөхүүл хөгжимд 1000 гаруй оранжировка, оркестровка хийжээ. 300 орчим нийтийн дууны бүтээлтэй.
-“Зүүдэн хайлан ижий” дуу төрсөн түүхийг би сонсож байсан л даа. Та энэ талаараа сонирхуулаач?
-Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн баяр жил бүр Говь-Алтай аймгийн сумдад ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалтай. Тээр жил 1998 онд Тонхил суманд болж, хол ойрын аймгуудаас олон яруу найрагчид, зохиолчид ирж оролцсон. Нутгийн иргэд олноор цугларч, найрагчид шүлгээ уншиж, Алтай чуулгынхан маань ая дуугаа өргөхөөр баярт очсон. Сутай хайрханы торгон бэл Зүйлийн голын эхэнд яруу найргийн баяр 2 дахь өдрөө үргэлжилж байсан. Тэр үед цагаан буурал толгойтой өндөр настай хөгшин биднийг дагаж дуулаад л уйлаад... “Миний хүү олон жилийн өмнө зүүн зүгт яваад одоо болтол эргэж ирээгүй. 40-өөд жил болж байна. Үхсэн л гэж сонсогдоогүй, эсэн мэнд л явдаг сурагтай. Өглөө бүр цайныхаа дээжийг зүүн зүгийн тэнгэр ширтэн хүүгээ бодон өргөдөг. Эмээ нь хүлээгээд үхэж ч чадахгүй байна” гээд уйлж байсан. Маргааш нь С.Рэнчиндорж ах (Эмүжингийн аав) маань хүрч ирээд “Урьд шөнө нөгөө хөгшинийг бодоод унтаж ч чадсангүй.  Нэг ийм шүлэг бичлээ. Чи нэг сайхан ая хийгээч” гээд шүлэг өгсөн. Хэд хоногийн дараа би ч ая хийж С.Рэнчиндорж ахад сонсгоход их сайхан дуу болсон байна гэж их баярлаж байсан. Энхзул гавъяат маань дуулж олны хүртээл болсон. 
Лавай цагаан Сутайдаа зусахад
Лааны зүүрмэг гэрэл чиг яахав дээ
Лагшин тунгалаг ээжийгээ байхад
Лангаар урласан эрдэнэ чиг яамай шүү дээ
Зүсэр цагаан сутайдаа очъё оо
Зүйлийн гол мэлмэрч л байгаа даа
Зүүдэн хайлан ээжийдээ золгоё доо
Зүгийн тэнгэр ширтэнхэн суугаа даа
undefined
-Таниас хамгийн их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ямар томоохон уран бүтээл байдаг вэ?
-Алтай чуулгад ажиллаж байсан үе бол жинхэнэ залуу насны аагь,  эрч хүч, онгодоороо хөглөгдөж туурвиж байсан үе юм уу даа. Тэр үед хийж байсан бүтээлүүдээ эргээд нэг харахад дахиад өөрчлөх, засах боломжгүй бүтээлүүд байдаг. Хэрэндээ л гайгүй хийчихсэн гэсэн үг л дээ. Би 2005 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолбор, Дуу Бүжгийн Эрдэнэт чуулгад 20 жил ажиллажээ. Энэ хугацаанд жинхэнэ хүч хөдөлмөр шаардсан, чөмөг дундалсан томоохон бүтээлүүдээ хийсэн. 2006 онд “Бөртө” хөгжимт драм, 2008 онд Монголын хамгийн анхны фольк дуурь болох “Тэнгэрийн гэрээс", 2010 онд “Ану хатан” фольк дуурь, 2018 онд “Баатар ван Наваан-Юндэн” бүжгэн жүжгээ хийсэн. “Баатар ван Наваан- юндэн” бүжгэн жүжгийн хөгжмийг нэг сар гаруйхан богино хугацаанд өдөржин шөнөжин сууж бичсэн. Хугацааны хувьд шахуу байсан болохоор өдөрт гуравхан цаг унтаж босоод л бичиж дуусгасан. "Мөнгөн хараа" чуулгын тайзнаа тоглуулж, Театр чуулгуудын улсын уралдаанаас “Гран-при” шагнал хүртэж байв. Эхний үзэгдэлийн хөгжмийг дөнгөж дуусгаад өгөхөд л тайзан дээр бүжиг нь дэглэгдээд бэлэн болдог байлаа. 
-Энэ сайхан ая аялгуу яаж төрдөг вэ. Таны онгод авьяас юугаар хөглөгддөг вэ?
-Хөгжим зохионо гэдэг авъяас, ухаан, сэтгэлгээ шаарддаг. Мөн онгод авъяасаараа хөглөгдөж хийдэг ажил. Зүгээр нэг суугаад хөгжим зохиоё гээд зохиочихдог ч ажил биш. Ухаан байгаад гол өгөгдөл авъяас сэтгэлгээ байхгүй бол явахгүй л гэсэн үг. Гадаадад хөгжмийн дээд сургууль төгссөн мөртлөө ганц ч дуу хийгээгүй 30,40 жил болчихсон, өөрийгөө хөгжмийн зохиолч гээд цоллоод явдаг хүмүүс байдаг юм шүү дээ.
-Дуулсан дуу нь дуучинтайгаа олон түмэнд хүрч танигддаг боловч дууг зохиосон хүнийг хүмүүс сайн мэддэггүй, таньдаггүй юм шиг санагддаг. Таны сэтгэлд хоногшсон маш олон сайхан дуунууд байдаг. Та дэндүү даруухан хүн юм уу?
-Би тийм юмаар хөөцөлддөггүй хүн л дээ. Ямар сайндаа л морин хуурын чуулгын удирдаач Түвшинсайхан “Та нээрээ ямар сонин амбицгүй хүн бэ. Хийсэн бүтээснээ бариад сурталчлаад танилцуулаад ярьж хөөрөөд явдаггүй яачихсан хүн юм бэ“ гэдэг юм. Өнөөдрийг хүртэл хийсэн уран бүтээл рүүгээ анхаардаггүй ч гэх юм уу, эсвэл бага анхаарч явсан байх юм. Миний дуунуудаас гэхэд арваадхан клип, гурван CD байдаг юм байна. Нэг дуу зохиогоод л нэг дуучинд өгөөд л орхичихдог. Хүн ер нь их хожуу ухаардаг юм байна.  Сүүлийн үед хэдэн ном гаргая гэж бэлдээд явж байна. Дууны уран бүтээлээрээ хоёр ном, “Есүхэй” буюу “Тэнгэрийн гэрээс” “Ану хатан” хоёроо ном болгоод хэвлүүлэх санаатай. Хөгжмийн сургуулиудын хүүхдүүдэд зориулсан нэг хөгжмийн онолын ном гаргахаар бэлдэж байна. Миний биеийн байдал юу болох нь үү, хөрөнгө санхүүгийн байдлаас ч бас болно. Чадах эсэхээ сайн мэдэхгүй л байна.
-2022 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн болсон. Та нэлээн оройтож авах шиг санагдсан. Тухайн үеийн сэтгэгдэлээ хуваалцаач. 
-2022 оны 12 сарын 30-нд яг төрсөн өдрөөрөө төрийн шагнал авсан. 29-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж хэлсэн. Тэр оройдоо л сандраад Эрдэнэтийн дээл оёдог салон, хүмүүс рүү утасдаж дуудаж ярьсаар байгаад дээл, бүс олж авсан. Тэгээд л маргааш өглөө нь шагналаа авч байсан. Би хожуу авсан гэж ер боддоггүй дээ. Одоо хүртэл авах ёстой гавъяа шагналаа аваагүй мундаг хүмүүс их байна. Азид анхны рок дуурь биччихсэн хөгжмийн зохиолч С.Тараа ах одоо болтол төрийн шагнал аваагүй байж л байна. Гэтэл зүгээр нэг ая зохиогч нэртэй, нот мэддэггүй нөхөр ганц хоёрхон дуу хийгээд “урлагийн гавъяат зүтгэлтэн” болчихсон явах юм.
undefined
-Хөгжим, урлаг хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Урлаг бол хүнийг соён гэгээрүүлэх, ёс суртахуунтай байлгахад томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийг багаас нь урлагаар хүмүүжүүлэх, урлагийн бүтээлүүдийг гүн гүнзгий таниулах, судлуулах нь зөв. Ядаж л дуу хөгжмийн багшийг бэлтгэх, хичээлийн цагийг нэмэгдүүлэх, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхэд бүр хөгжимчин болох албагүй. Урлагт ойр байсан хүүхэд ядаж л зөөлхөн сэтгэлтэй хүн болж өснө. Дээр үед хөдөөний нэг залуу олон хүний амь хохироогоод нутгаасаа зугтажээ. Цагдаагийнхан тэр нутгаар хайж явсаар нутгийн малчин айлд буугаад нэг эмгэнээс асуухад “аргагүй дээ хөөрхий, тэр чинь бүүвэйн дуу ч сонсож өсөөгүй хүн юм шүү дээ.  Хар нялхаараа өнчрөөд хатуу хахир хүний дэргэд үлдсэн хүн чинь хатуу сэтгэлтэй байхаас яахав” гэж хэлсэн гэдэг. Цаад утга нь бүүвэйн дуу сонссож өссөн хүн зөөлхөн сэтгэлтэй болж өсдөг гэдгийг хэлээд байна. 
-Таныг номын баярын үеэр Эрдэнэтээс бүр зорьж ирж ном худалдаж авдаг гэж сонссон. Бас “Шилдэг номын сантай айл” болсон гэсэн үү?
-Би ном, пянз, CD их цуглуулдаг.  Үнэ цэнтэй хуучны номнууд тэр дундаа уран зохиол, яруу найраг, үндэсний бөх, дуу хөгжмийн чиглэлээр номнуудыг ихэвчлэн худалдан авч уншдаг.  Номын баяраар зорьж очиж ном худалдаж авахыг боддог. Очихгүй л бол санаа амардаггүй, хайран санагддаад байдаг юм. Зарим хүн гэрт ирж ном үзчихээд энэ номыг чинь би авлаа гэхээр нь гайхаад байдаг юм. Дэлгүүрийн барааг үнэгүй авна гэсэнтэй яг ижилхэн гэсэн үг. Ном бол маш үнэ цэнтэй. Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романыг хэдэн ч удаа эргүүлж тойруулж уншсанаа би хэлж мэдэхгүй. Л.Түдэв гуайн “Оройгүй сүм”, Санжийн Пүрэв гуайн “Азын цэнхэр уул” -ыг уншаад л уйлдаг байлаа шүү дээ. Бөхийн ном авчихаад л уншиж амжаагүй байхад юу бичсэн бол гэж хорхой хүрээд байж сууж чаддаггүй. Өнгөрсөн жил Эрдэнэт хотын “Шилдэг номын сантай айл”-аар шалгарсан. Манай номын санд 3000-4000 орчим ном байгаа.
-Төрсөн нутаг, уул хангай, нутаг усныхаа талаар олон сайхан дурсамж, дурдатгал, нийтлэл нүдэнд харагдтал гоё бичсэн байдаг.  Монголынхоо хөдөө нутгаар олон газраар аялсан уу.
-Би нутаг ус, аав ээжийнхээ талаар хэд хэдэн дурсамж дурдатгал бичсээн. Бичсэн мөртлөө л дутуу санагдаад дахиад ч бичмээр байдаг юм. Нутаг ус, аав ээжийнхээ талаар бичсэн дурсамж дурдатгалууд, аян замын тэмдэглэл, эссэ, өгүүлэл гээд нэлээд их зүйл байгаа. Бас л эмхэтгээд нэг ном гаргах бодолтой л явна. Алтай чуулгад байхад аялан тоглолт хийж Монголынхоо бүх аймгийн бүх сум, сууринг үзсэн хүн. Магадгүй хамгийн их аялан тоглолт хийж явсан хүн би байх.  Жилд 187 хоног аялан тоглолтоор явсан тоо гарч байсан. Тэр жил аймгийнхаа хөдөлмөрийн аварга болж байлаа. Энэ бол залуу насны ажил, бас урлагийн буян юм. Зарим хүмүүс 21 аймгийн төвөөр орсноо Монголын бүх аймгийг үзсэн гэж ярьцгаадаг. Үзсэн нь үнэн л байх. Гэхдээ 330 сумаар нь явж үзчихээд бардам ярих хэрэгтэй шүү. Одоо болтол очиж үзээгүй газар Дорнодын Эрээн цав л юм даа. Данзангийн Нямсүрэн гэгч мундаг хүнтэй хамтарч дуу хийж байсан мөртөө энэ хүний нутаг Эрээн цавд очоод үзчих юмсан гэсэн хүсэл их байсаан. Сүүлийн үед үзэх ч ёсгүй юм болов уу гэж бодоод байна. Хилийн цэрэгт алба хаасны буянаар өмнөд хилийн бүх отряд, бүх заставаар нь явж үзсэн. Миний хувьд сонирхдог нэг зүйл бол Монгол орны үзэсгэлэнт байгаль, газар зүй юм л даа. Хүмүүс автобусанд суугаад л унтаад өгнө, за буугаарай гэхээр буугаад л явчихдаг. Би бол тэгдэггүй. Уул ус, даваа гүвээ гээд бүгдийг ажиглаж, асууж тодруулж, тэмдэглэж харж явдаг. Эхэндээ ч явсан уул усаа тэмдэглэхгүйгээр бүгдийг мэддэг байсан. Сүүлдээ бас хольж солиод газрын зурагт тэмдэглэдэг болсон.
-Та их нутаг амьтай хүн юм. Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?
-Энэ зун долдугаар сард нутагтаа очоод ирсэн. Хөх хотоос химийн тариандаа ороод ирсний дараа гүн хордлоготой бие ядруухан байсан. Явмаар санагдаад ер болж өгдөггүй. Тэгээд л дүү нар маань аваад явсан. Би чинь Алаг хайрханыхаа яг торгон бэлд нь төрсөн хүн. Тэнд төрсөн хүн их цөөхөн байдаг юм билээ. Хүн гэдэг нутгаасаа асар их энерги авдаг, төрсөн газрын эрчим энерги гэдэг үнэхээр гайхалтай. Нутгийн хэдэн буурайтай уулзаж нэг үнсүүлчихээд, сайхан хайрханаа нэг тойрчихоод л, төрсөн буйран дээрээ хөрвөөгөөд, нутгийн идээ ундаагаа идээд, бүр сэргэлт аваад ирсэн шүү дээ. Манай аймгийн хувьд хамгийн өндөр нь Сутай хайрхан далайн түвшинээс дээш 4080 м өндөр. Дараа нь Бурхан буудай, Аж богд, Алагхайрхан ордог. Нутгаа зориход заавал нэг юм шинээр мэдэж авдаг. Миний нээгээгүй, үзээгүй газар манай нутагт зөндөө байдаг гээд бод доо. Манай Монгол орон гайхамшигтай уудам.
-Та сүүлд ямар уран бүтээл хийв?
-Өнгөрсөн жил UBS TV -ийн “Mongolian songs” олон улсын уралдаан хоёр жилийн турш үргэлжилсэн. Тэр уралдаанд оролцож мэргэжлийн хэмжээний таван дууны уран бүтээл хийсэн. Энэ уралдааныхаа шагналд ирсэн даралтат хөгжмөө Бугат сумандаа очиж сургуульдаа бэлэглээд ирсэн. Манай сумын төвд хоёр давхар их гоё соёлын төв баригдаж байгаа. Тэр соёлын төвийг миний нэрэмжит соёлын төв болгохоор аймгийн Иргэдийн хурлын тогтоол гарсан юм байна лээ. Ирэх зунаас ашиглалтанд орохоор бэлдэж байгаа. Амьд байвал нээлтэнд очиж оролцох, тоглолт хийх, уралдаан зохион байгуулах бодолтой байна. 
 Уучлаарай та “Тэнгэр заяат хөөрхөн ач хүү минь өнөөдөр хөлд орчихсон алхаж явна. Ингэж бодохоор үхмээргүй санагдах юм” гэж бичсэн байсан?
-Энэ олон удаагийн химийн тарианы хордлого их хүнд. Бүр ард нь гарч чадмааргүй юм шиг санагдаад хэцүү л дээ. Би олон зээтэй. Тэд нартайгаа төрсөн цагаас нь хамт байгаагүй болохоор тэгтлээ их нялуураад байдаггүй юм. Харин ач хүүтэйгээ төрсөн цагаас нь хойш хамт ойрхон байсан. Тэгээд нэг өдөр ач хүүтэйгээ видео колл хийгээд байж байтал хүүхдүүд гэнэт орилолдоод л явчихсан. Тэгсэн чинь ач хүү маань нүдэн дээр хөлд ороод яваад эхэлсэн. Тэгээд л ач хүүгээ том залуу болохыг харахсан гэж бодоод л... Өөрийнхөө хүүг хайрлаад эрхлүүлээд өсгөсөн ч ач хүү минь нэг л өөр шүү.  “Өөдөсхөн жаахан үрийг нь харахаар өөрөөс нь илүү хайртай болох юм аа” гээд нэг дуу байдаг биз дээ.  Яг үнэн юм билээ. Би чинь ач хүүдээ жигтэйхэн хайртай. 
-Хоёулаа яриагаа үүгээр өндөрлөе дөө. Та биеэ эмчлүүлээд эрүүл саруул болж, хийхээр бодож төлөвлөсөн ажлуудаа хийнэ гэдэгт итгэж байна. Танд эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа. Ерөөлөөр болог.
 Т.Сайханцэцэг
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн