ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго нар оролцлоо. Өмнөх долоо хоногийн мэдээллээр нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 38 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвсэлтэй хүмүүс байна. Томуу, томуу төст өвчний 75 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүнээс 5 хүртэлх насны хүүхдүүд 40 орчим хувийг эзэлж байсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм. Тэгвэл энэ 7 хоногийн мэдээлэлд томуугийн өвчлөл 30-35 хувийг эзэлж байгааг албаныхан хэллээ. ХӨСҮТ-ийн Дэд захирал О.Батбаяр: Томуугийн вирусийн эзлэх хувь өмнөх сарын дунд үед нэг хувь байсан бол одоогийн байдлаар 30-35 хувийг эзлээд байна. Томуу, томуу төст өвчний гол эрсдэл бол уг өвчний вирус нь ковид-19-ийн вирустэй адил бөгөөд богино хугацаанд хүндрэх аюултай байдаг. Үүнээс болж богино хугацаанд хатгаа болох, өндөр халуурах, булчин болон үе мөчөөр өвдөх эрсдэлтэй.ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго: Томуу, томуу төст өвчин нь маш олон хүндрэлүүдтэй. Энэхүү өвчнөөр суурь өвчин эмгэгтэй хүмүүс өвдөж хүндрэх эрсдэлтэй байна. Энэ жил 10-14 насны хүүхдүүд маш хурдан хугацаанд уушгины хатгалгаа болж байна.