Бадрах энжержи компанийн төсөл нааштай яригдахтай зэрэгцэн АЦС-тай болцгооё гэдэг уриалга ихээр гарлаа. Уран олборлох, АЦС байгуулах хоёр үнэн хэрэг дээрээ хоорондоо хавирахгүй асуудал. Хамартаа тулсан бэрхшээл зовлонгоо шийдэх бодит боломж гараад ирэхээр хаа холын юм яриад унадаг нь асуудлыг төөрүүлэх, унагах айхтар “эерэг” тактик ч байж мэднэ.
Орано майнингтэй хийх гэрээний төсөлд эерэг зүйл олон байна. Монгол Улсын Засгийн газар анх удаа гэрээнийхээ саналыг айлд тавьсан нь хамгийн эерэг зүйл. Манай тавьсан санал дээр хоёр тал ажиллаж дундын зөвшилцөлд хүрчээ гэсэн үг. Товчхондоо бол монголчууд өөрсдийнхөө нөхцөлийг “тулгалаа”. Үндсэн хуулийн 6.1 заалтын “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэдэг заалтыг бүрэн хангасан гэхэд болно.
Гол гавьяа нь санхүүгийн загварчлалаа хүлээн зөвшөөрүүлсэнд оршино. Манай боловсрууулсан санхүүгийн загварчлалаар ямар ч үед 50+1 ашгийн шууд үр өгөөж Монголд оногдох тооцоо гаргасан байна. Монголын шууд үр өгөөж гэдэгт АМНАТ зэрэг татварыг оруулчхаж байна. Түүнээс ажилчдын цалин гэх мэт есөн жорын “үр ашиг”-ийг тооцолгүй шууд үр өгөөжийг чухалд авчээ.