Open iToim app
Ярилцлага | 3 мин уншина

Т.Тэмүүлэн: Улам хичээж уртын дуучин болж, улсын наадмаар бөх цоллох мөрөөдөлтэй болсон

Т.Тэмүүлэн: Улам хичээж уртын дуучин болж, улсын наадмаар бөх цоллох мөрөөдөлтэй болсон
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 26
Үндэсний их баяр наадмаар дааганы цол дуудаж, сэргэлэн цовоо нүд, цээлхэн хоолойгоороо түмний хайрыг татсан хүү бол Т.Тэмүүлэн. Тэрээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Одоо Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номгон сургуулийн 7г ангид сурдаг аж. Т.Тэмүүлэн нь 2024 оны "Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч” оны онцлох хүүхдээр шалгарсан билээ. Тодруулж хэлбэл тэрээр энэ жил олон улсын хоёр уралдаанд амжилттай оролцож тэргүүн болон гуравдугаар байр, улсын чанартай таван уралдаанд оролцож тус тус тэргүүн байрыг эзэлсэн байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Оны онцлох хүүхэд” болсонд баяр хүргэе. Энэ жил амжилт, бүтээл дүүрэн байв уу?
-ЭНэ жил миний хувьд маш гоё жил байлаа. Миний жил орж байгаа болохоор энэ жил жаахан муу байна байх гэж бодож байсан. Тэгсэн харин ч эсрэгээрээ маш амжилт бүтээл дүүрэн жил өнгөрч байна. Улсын наадмын дараа сэтгэл сайхан болж байнгын гоё юм боддог  болсон. Бүр оны онцлох хүүхэд болсон гэж сонсоод үнэхээр их баярласан. Ард түмнийхээ ерөөл, магтаалаас их урам авч байгаа.
-Үндэсний их баяр наадмаар даага цоллосон үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу. Олон хүн чамайг дэмжээд уухайлаад ирэх үед урам зориг орсон уу, эсвэл сандарсан уу?
-Тэр үед цээжинд гал дүрэлзээд хоолойнд их хүч ороод л явчихсан. Авъя гэсэн өнгөнөөсөө ч илүү гоё өнгөөр морины цолоо дуудсан. Ер нь маш их хүчтэй болсон. Цоллоод дууссаны дараа морь дүүхэлзээд арай илүү жавхаатай болсон  ч юм шиг мэдрэмж төрсөн.
Эхлээд жаахан сандарсан гэхдээ хүмүүст айж байгаа харуулахгүй гээд амьсгаагаа уужим авч, нүдээ аньж, өөрийгөө тайвшруулж, урам өгсөн. Мөн олон хүний дэмжиж байгааг хараад айдас, сандрал алга болчихсон.
-Гэрийнхэн нь юу гэж захиж байгаа вэ?
-Гэрийнхэн минь байгаагүй бол би өдийг хүрэхгүй байсан. Намайг байнга дэмжиж, арыг минь бат даадаг хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Манайхан намайг биеэ тоож болохгүй шүү гэж захиж байгаа.
-Морины цол дуудахыг  анх сонсоход ямар сонсогдож байсан бэ?
-Анх морины цол дуудахыг мэддэггүй, монгол өв соёлоо судалдаггүй хүүхэд байлаа. Харин 2023 оноос Монгол өв соёлоо судалж морь цоллохыг сурч эхэлсэн. Морины шинжүүд надад их гоё санагдсан. Багшаасаа үлгэр дуурайлал авч илүү хичээж байгаа. Манай багшийг Э.Хүрэлбаатар гэдэг. Улсын ахлах засуул, морь, цоллооч хүн байдаг.
-Морины цолоо хэрхэн цээжилдэг вэ. Тэмцээн, уралдаанд орохоос өмнө бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Морины цолонд бараг 1000-иад үг байдаг. Өглөө эрт босоод өлөн дээрээ цээжлэх аргаар цээжилдэг. Ер нь уралдаан, тэмцээн, цол дуудахаас өмнө хоол ордоггүй. Өдөр бүр бага багаар л давтахыг хичээдэг.
-Нийт хэдэн морь цоллосон бэ. Ирээдүйн зорилгынхоо талаар бидэнтэй хуваалцвал?
-Зургаан наадамд нийт 109 морины цол дуудсан. Улам хичээж уртын дуучин болох, улсын наадмаар бөх цоллох хүсэл мөрөөдөлтэй болсон. Мөн ерөөл, магтаал сурч байгаа. Одоогоор 7 ерөөл сурсан байна.
-Ардын урлагийн юу нь хамгийн гоё вэ?
-Ардын урлагийн бүх зүйл нь сайхан. Монголын өв, соёл дархлаа шүү дээ. Хэрэв ардын урлаг гэж байгаагүй бол Монгол гэж байхгүй гэж би боддог. Улам илүү дэлгэрээсэй л гэж хүсэж байна.
-Танай удамд урлагийн хүн байдаг уу. Ардын урлагтай анх хэрхэн холбогдсон бэ?
-Манай  өвөө дуу дуулдаг дуурийн дуучин хүн байсан. Харин ээж ятга, ёочин гээд язгуур үндэсний хөгжим тоглодог. Ээжийгээ хараад яаж ийм олон хөгжим тоглодог байна аа гэж боддог байсан. Тэгээд л би анх товшуур хөгжим тоглож сурч эхэлсэн.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Монголынхоо нийт ард түмэнд мэндчилгээ дэвшүүлбэл?
-Ирж буй 2025 ондоо ард түмэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан амгалан, эрүүл энх саруул сайхан болтугай гэж ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн