Open iToim app
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 26
Урам зориг, хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ он айсуй. Хүн бүхэнд сэтгэлд хоногшсон шинэ жилийн баярын сайхан дурсамж бий. Тиймээс төлөөлөл болгон таван хүнээс хамгийн дурсамжтай шинэ жил, энэ жилийн ойлгож ухаарсан зүйл, шинэ жилийг санагдуулдаг зүйлс, хамгийн гоё нь юу байдаг талаар ярилцлаа.

П.Дэлгэрбаяр: Шинэ жил бол их эргэцүүлэл, дурсамжид умбуулдаг баяр

Найруулагч П.Дэлгэрбаяр: Цастай гудамж гантиг шиг цайрч 
Цацрах гэрлээр туяарч мишээгээд гээд дуучин Сараагийн дууг сонсоход л шинэ жилийг хамгийн их санагдуулдаг. Шинэ жил бол их эргэцүүлэл, дурсамжид умбуулдаг баяр. Өнгөрөх жилийн алдаа оноо, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргадаг баяр юм даа. Миний хувьд гэр бүлийн хүрээндээ тэмдэглэж өнгөрүүлдэг. Амттай сайхан хоол, дарстай цомхон л тэмдэглэдэг. Зуслан дээрээ гацуур тарьсан байгаа. Ирэх жилээс чимэглэхээр болчихно. Тэгэхээр тэндээ л он гаргадаг болох байх. Миний хамгийн дурсамжтай шинэ жилийн баяр бол Хөвсгөл далайн эрэгт тэмдэглэж байсан мөч.  Энэ жил ихийг хийж бүтээхийн тулд эрүүл байх ёстойгоо л тодхон ухаарлаа даа. Өвдөж ажил хийх хэцүү байлаа. Дараа жил илүү эрүүл бас үр бүтээмж өндөртэй жил болно гэж итгэж байна. 

Х.Болор-Эрдэнэ: Анивчиж буй гэрэл, гялалзаж байгаа тоглоомуудыг харахад шинэ жил надад ид шид шиг санагддаг

Зохиолч Х.Болор-Эрдэнэ: Би хэдхэн сарын дараа 50 нас хүрэх гэж байгаа. Энэ жил хүүхдүүд гоё өсөж, том болж байгаа гэдгийг анзаарлаа. Хүүхдүүдийн цаг иржээ. Хүүхдүүдийн энэ сайхан мэдрэмж, залуу нас, аз жаргалын төлөө өдийг хүртэл хичээсэн, зүтгэсэн учраас энэ шагнал юм. Энэ амьдралын хамгийн гоё жаргалтай үе гэдэг ойлголтыг авсан. Гялалзсан, гялтганасан гэрэл шинэ жилийг санагдуулдаг. Би энэ жил шинэ жилийн дөрвөн ч дууны үг бичлээ. Энэ шинэ жилийг баялаг сайхан угтаж байгаа гэж бодож байна. Гаргасан дуунууд хит болоод явж байна. Халуун ам бүлээрээ цуглаж хооллож, ярилцаж,бүжиглэж, бие биедээ ерөөл хэлж, нэг нэгэндээ бэлэг өгдөг болохоор шинэ жил үнэхээр гоё. Хамгийн дурсамжтай шинэ жилийн баяр бол 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд эмнэлэгт бага хүүгээ төрүүлсэн тухайн үеийн баяр.  Тухайн үед эмнэлгээс гарахад миний хүүг төрсөнд дэлхий тэр чигээрээ баярлаж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрсөн. Түүнчлэн, гэр бүлийнхэн баярын ширээгээ засаад аав, ээж, ах, дүү, хамаатан бүгд гэрт цугларсан байсан. Бага насны шинэ жилийн баярууд бас их дурсамжтай санагддаг. Гэрээр нэг мандерин, алим үнэртдэг байсан. Түүнийг хүмүүс санаж байгаа байх. Тэр үеийн шинэ жилийн чимэглэл тоглоомууд бүгд шилэн, гоё хэлбэртэй. Сарны гэрэлд шинэ жилийн гэрэл анивчаад л, анивчиж буй гэрэл, гялалзаж байгаа тоглоомуудыг харахад шинэ жил надад ид шид шиг санагддаг байсан. Одоо ч гэсэн тэр мэдрэмж яг л хэвээрээ. Хүүхдүүддээ ч гэсэн ид шидийн мэдрэмж үлдээх юм сан гэж боддог. 2025 ондоо юу санасан есөн цагаан хүсэл болгон нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Өөдрөг хүмүүсийн өглөөний нар үргэлж хамгийн тунгалаг байг ээ. Сайхан баярлаарай.

Х.Бадамгэрэл: Шинэ жилээр хүүгээ баярлуулах л хамгийн гоё

Топ модель Х.Бадамгэрэл: Гэр бүлтэй болсноосоо хойш ихэвчлэн дөрвүүлээ(3+1манай нохой) шинэ оноо угтаад 14 жил болжээ. Зарим жилүүдэд аав ээжүүдийнхээрээ зочлон хамт он гаргах эсвэл гэр бүлийн найзуудаараа хотоос гарч баяраа тэмдэглэдэг. Шинэ жилээр хүүгээ баярлуулах л хамгийн гоё байдаг даа. Хэлсэн амласандаа хүрснийг нь бахдан ярилцаж түүнийг нь урамшуулан, зарим жил шагнаж, зарим жил илүү хариуцлагатай хандах хэрэгтэй байгааг нь сануулж өөрөөр нь дүгнэлт гаргуулж ирээдүйнхээ талаар хамтдаа төсөөлөн ярилцаж угтах үнэхээр сайхан. Миний хувьд бага насандаа гэр бүлээрээ халуун дулаан баярыг бүтээсэн жилүүд минь бүгд сайхан. Ээж, аав, дүү нар болон тэднийхээ гэр бүлтэй хамтдаа аав ээжийндээ цуглаад багтаж ядан чихэлдэн гэр бүлийн уламжлалт амттанаа тойрч суугаад идэж,  бүгд дор бүрнээ өөр өөрсдийн хариуцсан ажлаа хийж, бага насны дурсамжаа ярьж нэгнээ шоолж, хөгжилдөн ширээгээ засаад бужигнасан жилүүд хамгийн гоё нь. Спарклинг бүх зүйл шинэ жилийг санагдуулдаг. Энэ жилийн хувьд хүн бүрийн дотор байдаг өөрийн эгогоо зөв менежмент хийж сурсан цаг хугацаа байлаа.

Г.Оюунлхам: Шинэ жилийн хамгийн гоё зүйл бол хахир хатуу өвлийг дулаацуулж чаддаг догдлол, сэтгэл бүлээцүүлдэг уур амьсгал

Дорнод аймгийн Халхгол суманд суугаа илгээлтийн багш Г.Оюунлхам: Бага байхад яагаад ч юм 30 хүрчихвэл амьдрал дуусчих юм шиг мэдрэгддэг байлаа. Тиймдээ ч юм уу тэр хүртэл аль болох хэн нэгнээс хамааралгүй, эрх чөлөөтэй байж, хийхийг хүссэн бүхнээ хийж, “хүзүү хаашаа толгой тийшээ” гэдэг шиг л зоргоороо амьдарна гээд бүүр шийдчихсэн юм. Үнэхээр л 20-иод нас минь яг л бодсоноор өнгөрлөө. Эндээс ойлгосон нэг чухал зүйл байна. Хүссэнээ авахын тулд хүсээгүйгээ хийдэг, зорьсондоо хүрэхийн тулд хатуу шийдвэр, түүндээ өөрийгөө зориулах зориг, тэвчээр хэрэгтэй байдаг юм байна. Тэгж чадсандаа өөрөөрөө бахархаж байгаа. Сараа эгчийн дуунууд шинэ жилийг хамгийн их санагдуулдаг. Би түүний үнэнч фен. Тэрээр шинэ жилийн бүтэн цомог болохоор баярын олон дуутай шүү дээ. Ядаж байхад бүгд чихэнд хоногшчихсон, классик дуунууд гэдэгтэй маргах хүн ховор болов уу. Шинэ жил, шинэ эхлэл гэхээр бид бүгд л догдолж хүлээж авдаг даа. Гэхдээ эхлэл бүр баяр хөөртэй байдаггүй. Тэр дунд айдас, зовнил, бас хэцүү санагдсан ч урагшлах гэгээн хүсэл ч бас нуугдаж л байдаг. Ганцаардлыг ч өгүүлдэг, гэхдээ цаанаа л гэгээн гэдгийг илэрхийлж чадсанаараа онцлогтой. Шинэ жилийн хамгийн гоё зүйл бол хахир хатуу өвлийг дулаацуулж чаддаг догдлол, сэтгэл бүлээцүүлдэг уур амьсгал. Ээжтэйгээ, аавтайгаа, дүүтэйгээ, дөрвүүлээ, ам бүлээрээ том өрөөндөө томоо ор засаад, хамт хэвтэж зурагт үзэнгээ, орныхоо дээр зассан баярын ширээнээс гарт тааралдсанаа идээд, тэврэлдэж гаргасан тэр жилийн шинэ жил хамгийн дурсамжтай. Шинэ жил чинь гэр бүл, хайр л юм билээ.

М.Мягмарбаяр: Шинэ жилийг цас, дуу, гацуур мод, бусдад бэлэг өгөх мэдрэмж санагдуулдаг

ОУХМ, Таеквондогийн Хар бүс V дан Альфа болон Шилдэг таеквондо клубийн зөвлөх дасгалжуулагч, АФА академи көүч М. Мягмарбаяр: 2024 он бол миний хувьд маш их чалленжтай жил боллоо. Сурч мэдэж авсан, өөртөө хөрөнгө оруулалт хийсэн зүйл маш их байна. Хамгийн сүүлд Дубай яваад дэлхийн том бизнесменүүд, алдартнууд, кино найруулагч гээд маш олон хүмүүс цугласан "Mega Campus Summit" арга хэмжээнд оролцсон. Үүнээс маш олон зүйл суралцсан. Мөн би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн гэдэг утгаараа маш онцгой байсан. Хамгийн чухал зүйл нь дуртай зүйлээ хийгээд хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой шийдвэр гаргаад амьдрах шийдвэр нь маш чухал гэдгийг ойлгож ухаарсан. Өдөр тутмын асуудалтайгаа зууралдаад өнгөрөх биш мөрөөдлийнхөө төлөө үргэлж шинэ алхам хийх нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Шинэ жилийг цас, дуу, гацуур мод, бусдад бэлэг өгөх мэдрэмж санагдуулдаг. Цасан дээр гишгэхээр дуугарах чимээ цаанаасаа л догдлуулдаг. Мөн авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдэг шиг сүүлийн жилүүдэд бусдыг баярлуулахыг их хүсдэг болсон. Шинэ жилийг угтахын өмнө дүгнэлтээ хийгээд ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргаад он солигдох онцгой мөчийг мэдрэхийг хичээдэг. Мэдээж хамгийн гоё зүйл нь хайртай хүмүүстэйгээ тойрч сууж ярилцах  халуун дулаан уур амьсгалтай байх. Хамгийн дурсамжтай шинэ жил гэвэл намайг нэлээд жаахан байхад манай гэрийнхэн хамаатан садантай нийлээд, хүйтэн фургонд суугаад Говь-Алтай аймгийн талбайд солиут буудахыг харж байсан мөч.  Тухайн үед үнэхээр их даарч байсан ч одоо бодоход их дурсамжтай санагддаг. Би ч Говь-Алтай аймгийн унаган хүүхэд л дээ. Мөн хар бүстэй тамирчдынхаа гэрт нь очиж бэлэг өгч, гэнэтийн бэлэг барьж байсан нь хамгийн дурсамжтай шинэ жилүүдийн нэг. 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн