Open iToim app
Хөндөх сэдэв | 3 мин уншина

Хямд хэдий ч дэлхийд халтай Fast Fashion

Хямд хэдий ч дэлхийд халтай Fast Fashion
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 24
Fast Fashion-ы өнөөгийн дүр төрх
Загварын чиг хандлагыг цаг алдалгүй дагадаг хүмүүсийн хувьд Zara, H&M, Shein гэх мэт брэндүүдийг мэдэх нь дамжиггүй. Fast Fashion гэх ойлголтын том жишээнүүд болсон уг компаниуд хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг даган дуурайж, хэрэглэгчдэд компанийнхаа хэв маяг, орчин үеийн ойлголтыг сурталчлах зорилгоор барааг хурдан хугацаанд олноор нь үйлдвэрлэдэг билээ. Чанар муутай материалаар хийсэн тэдгээр хувцсыг ганц хоёр удаа өмсөөд хаях тохиолдол их гарахаас гадна хурдан урагдаж элэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд илүү их худалдан авалт хийх шаардлага үүсдэг.
Уг салбарын зах зээлийн үнэлгээ 2022 онд ойролцоогоор 100 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бөгөөд уг үзүүлэлт хурдацтай өссөөр энэ онд 150,82 тэрбум ам.долларт хүрсэн байна. Fast Fashion-ы тэргүүлэгч компаниудын нэг Zara-гийн хувьд анхны загвараа тавьснаас хойш 15 хоногийн дараа дэлгүүр дэх хувцсаа шинэчлэх зорилготой байдаг байна. Харин Shein-ий хувьд веб сайтдаа өдөр бүр 2000 шинэ бараа нэмж оруулдаг ажээ. Тус салбар ажилчдаар хөдөлмөрийн мөлждөг хийлгэдэг, хэт их бохирдол, их хэмжээний хог хаягдал гаргадаг гэдгээрээ байнгын шүүмжлэл дагуулдаг юм.
 Fast Fashion-ы байгаль орчинд үзүүлж буй нөлөө
Fast Fashion-ы байгаль орчинд үзүүлэх нөлөөллүүдийг сэргээгдэхгүй эх үүсвэрийн хомсдол, хүлэмжийн хийн ялгарал, их хэмжээний ус, эрчим хүчний хэрэглээ зэргээр тодорхойлж болно. Энэ төрлийн үйлдвэрлэл хүлэмжийн хийн ялгаруулалтын 8-10 хувийг эзэлж байна. 
Усны хэрэглээ: Энэ салбар усны хэрэглээний хоёр дахь том салбар бөгөөд нэг даавуун цамц үйлдвэрлэхэд 700 галлон, жийнс үйлдвэрлэхэд 2000 галлон ус шаардагддаг. Мөн хувцсыг будах явцад үлдсэн ус шуудуу, гол горхи, мөрөн рүү урсдаг учраас нэхмэлийн будаг дэлхийн хоёр дахь том усыг бохирдуулагч болоод байна.
Микропластик: Үйлдвэрлэлийн 60 орчим хувийг хуванцар болон химийн бодисоос гаргаж авсан нийлэг нэхмэл эдлэлээр хийдэг бөгөөд тэдгээр нь чулуужсан түлш болж цааш хувирдаг. Энэхүү синтетик хувцсыг угаах эсвэл хогийн цэгт хаяснаар хүрээлэн буй орчинд микропластикыг ялгаруулдаг. Микропластикууд нь хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг фталат, бисфенол А зэрэг химийн бодисыг агуулдаг аж.
Брэндүүдийн ашигладаг полиэфир, нейлон, акрил зэрэг синтетик утаснуудын био задрал хэдэн зуун жил явагддаг. Олон улсын байгаль хамгаалах холбооноос (IUCN) 2017 онд гаргасан тайланд далайд байгаа бүх микропластикуудын 35 хувь нь полиэфир гэх мэт синтетик нэхмэл эдлэлийг угааснаас үүссэн гэж тооцоолжээ.
Үүнээс гадна дэлхий даяар жил бүр 90 сая гаруй тонн нэхмэлийн хаягдал хаягдаж, аажмаар задарч хүлэмжийн хийг нэмэгдүүлсээр байгаа юм. Одоогоор хаягдал хувцасны 1 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна.
 Хуучин хувцасны тренд
Сүүлийн үед Комисс, Thrift Shop, Vintage хувцасны дэлгүүрүүд уг зах зээлд багагүй эрчээ авах болсон. Хуучин хувцасны загвар нь нэхмэлийн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, тойрог эдийн засгийг дэмжих, зах зээлд гарах шинэ бүтээгдэхүүний тоог багасгах зорилготой юм. Уг зах зээл загварын салбар болон хэрэглэгчдийн хувцастай харьцах харилцааг өөрчлөхөд хувь нэмэр оруулах боломжтой билээ. 
Fast Fashion-ы хор хөнөөлийг багасгах нь
Fast Fashion-ы өсөлтийг зогсоох боломжгүй мэт боловч хууль тогтоомж, хүмүүсийн хичээл зүтгэлийн үндсэн дээр багасгах боломж бий. Хуучин хувцсыг шинэ хувцас болгох, олон жилийн турш ашиглах эдэлгээтэй, өндөр чанартай хувцас худалдаж авахыг НҮБ болон бусад байгууллагууд, тэр дундаа загварын салбарын холбоод сурталчилж байна. Уг салбарын хамгийн том зах зээл болох 12-27 насны Gen Z үеийнхний ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовох хандлагатай байдаг учраас Fast Fashion-ы байгаль орчинд үзүүлдэг хор хөнөөлийн уялдаа холбоог олж мэдвэл худалдан авалтаа бууруулж магадгүй юм.
Зарим улсын Засгийн газар хувцас загвар болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хаягдлыг бууруулах арга хэмжээ авч байна. Европын холбоо хувцасны урт удаан эдэлгээтэй байх шаардлага боловсруулж, компаниудад зарагдаагүй нэхмэл эдлэл, гутлаа хаяхыг хоригложээ. Францад Fast Fashion компаниуд болон тэдний бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглох, бүтээгдэхүүнийхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нийтлэхийг шаардах, зөрчил гаргавал торгууль ногдуулах заалт бүхий хууль батлах төлөвтэй байна.
Хэрэглэгчийн дадал зуршил, шинэ технологи, хууль тогтоомжийн өөрчлөлтүүд нь уг чиг хандлагын сөрөг нөлөөллийг бууруулахад тустай юм. Та дараагийн удаа хувцас худалдаж авахдаа өөрт болон дэлхийд бий болгох урт хугацааны үнэ цэнийх нь талаар бодолцоод үзээрэй.
Х.Бямбажаргал нь МУИС-ийн Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн