Ши Жиньпин авлигатай дайн зарласан эхний жилүүдэд Хятадын удирдагч өрсөлдөгч фракцуудын хүчирхэг генералуудыг буулгаж, оронд нь өөрт үнэнч холбоотнууд, хамгаалагчдыг томилох замаар дэлхийн хамгийн том армид хяналтаа бэхжүүлсэн. Арван жилийн дараа Ардын Чөлөөлөх Армид бүтцийн шинэчлэл хийж, дээд цолтнуудыг өөрийн хүмүүс болгон сольсон ч үнэнч бус байдлын эсрэг эцэс төгсгөлгүй мэт санагдах тэмцэлдээ өвдөг шороодсон хэвээр байна. Мөн түүхэн дэх олон хүчирхэг удирдагчдын нэгэн адил тэрбээр өөрийн сонгосон үнэнч хүмүүсийн эсрэг арга хэмжээ авч эхлээд байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Ши арми дахь хамгийн ойр дотны олон арван жилийн хамтрагчаа “цэвэрлэв”. Ши Жиньпин даргын тэргүүлдэг Цэргийн төв зөвлөлийн гишүүн, администратор Мяо Хуа сахилга батыг ноцтой зөрчсөн хэргээр шалгаж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Өнгөрсөн зунаас хойш Хятадын батлан хамгаалах салбарын арав гаруй өндөр албан тушаалтныг огцруулсны дотор Батлан хамгаалахын гурван ч сайд багтаж байна.
Сүүлийн 10 жилийн угацаанд Ши Жиньпин ХАЧА-ыг АНУ-ын армитай өрсөлдөж чадах дэлхийн зэрэглэлийн” байлдааны хүчин болгон хувиргах ажлыг удирдаж буй. Шинжээчдийн үзэж байгаагаар Ши Жиньпинд Мао Зэдунд тулгамдсан олон бэрхшээл тулгамдаж байгаа аж.
Хятадын элит улс төрийн шинжээч Ших хэлэхдээ, ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталинаас эхлээд Мао хүртэлх олон дарангуйлагч эцэстээ өөрсдийн дэмжигчдийнхээ эсрэг бодлого явуулж, устгасан байдаг аж. Учир нь тэд үргэлж шинэ аюул заналхийлэл, тэр дундаа өөртэй нь маш ойр байсан хүмүүсээс гарч болзошгүй гэж боддог байна.
“Ши Жиньпиний эрүүл мэнд өмнөх шигээ тийм ч сайн биш байгаа тул нас ахих тусам энэ төрлийн динамик улам хүндрэх магадлалтайг ажиглагчид онцолж байна. Одоогийн байдлаар дээд удирдагч авлига, үнэнч бус байдлын эсрэг загалмайтны аян дайнаа үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. Энэ сарын эхээр Ши Жиньпин CMC-д үлдсэн дөрвөн үнэнч хүнийхээ хамт ХАЧА-ын Мэдээллийг дэмжих хүчнийг шалгасан. Ши Жиньпин тэмдэглэл хөтлөгч офицеруудад хандан “Бид цэргүүдээ үнэнч, туйлын цэвэр, туйлын найдвартай хэвээр байлгах ёстой” гэжээ.