Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар хязгаарлагдахгүй бөгөөд дэлхий даяар тархаж, цаг агаарын байдал, экосистем, эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй. Хурдацтай дулааралтын улмаас далайн мөс багасахаас эхлээд мөнх цэвдэг гэсэх хүртэлх байгаль орчны томоохон өөрчлөлт бий болох юм.
Арктикт тундр гэссэнээр нүүрстөрөгчийг тогтоож барихын оронд хүлэмжийн хийн ялгаруулалтын эх үүсвэр болох болжээ. Мөн далайн мөсний түвшин түүхэн доод хэмжээндээ хүрэхэд тун ойрхон ирээд байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тэдний хамгийн их санаа зовоож байгаа асуудлуудын нэг нь ой хээрийн түймрийн өсөлт аж. Гал түймрийн улирал уртсаж, түймэр улам олон давтамжтай тохиолдож, аянга бууж байгаагийн үндсэн шалтгаанууд бүгд уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой байна. Арктикийн нүүрстөрөгчийг удаан хугацаанд хадгалсан хэсэг нь одоо эргээд нүүрстөрөгчийн эх үүсвэр болж байгаа нь анхаарал татахуйц бас нэг асуудал юм. Өнгөрсөн долоо хоногт Арктикийн тундр сүүлийн хэдэн арван жилд байгаагүй их хэмжээгээр нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд ялгаруулсан нь хамгийн сүүлийн мөстлөгийн үеэс хойших хэвийн байдлаасаа өөрчлөгдсөн үзүүлэлт гэж албаныхан мэдээлжээ.
Арктикт болж байгаа зүйлс зөвхөн Арктиктаа үлдэхгүй. Арктик дулааралд өртсөнөөр дэлхийн цаг уурын хэв маягийг өөрчлөх асар их боломжтой. Учир нь энэ газарзүйн байршил дэлхийн өнцөг булан бүрд өндөр ба нам даралтын системийг хөдөлгөдөг агаарын урсгалыг жолооддог туйлын бүс юм.
Арктик гэсэж байгаа нь геополитикийн асуудлуудад ч нөлөө үзүүлж байна. Далайн мөс хайлж байгаа тул тээврийн шинэ замууд нээгдэж байна. Үүний үр дүнд Орос, Хятад хоёр сүүлийн жилүүдэд бүс нутагт нөлөөгөө харуулахыг хичээсээр байгаа билээ. Уг үйл явдал Канад улсыг бүс нутагтаа цэргийн хүчээ нэмэгдүүлж, АНУ-тай илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэхэд хүргэсэн. Үүний зэрэгцээ Орос, Өрнөдийн хоорондох хурцадмал байдал нь эрдэмтдийг Орос дахь Арктикийн бүсээс гарахад хүргэсэн.
Хойд зүгт хурдацтай өрнөж байгаа Арктикийн дулааралт манай гарагийн бусад хэсгээс дөрөв дахин хурдан явагдаж байгаа юм. Канадын Баруун Арктикт мөнх цэвдэг гэссэнээр хөрсний гулгалт үүсэж, зарим тосгоныг нүүлгэхээс өөр аргагүй болж байна. Саяхан хэсэг эрдэмтэд Арктик 2027 он гэхэд бараг мөсгүй болж болзошгүй гэж анхааруулжээ.
Эх сурвалж: The New York Times