Open iToim app
Улс төрийн намууд | 3 мин уншина

АН-ын бүлэг: Эрүүгийн хуулиас 13.14-ийг хасах хуулийн төсөл өргөн барина

АН-ын бүлэг: Эрүүгийн хуулиас 13.14-ийг хасах хуулийн төсөл өргөн барина
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 23
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа хүний эрх, эрх чөлөөг хангах 11 багц хуулийн төслүүдийн танилцуулга мэдээллийг сонсож, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна.
АН-ын бүлэг олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хуулийн хуулийг бүхэлд нь дэмжихгүй гэж шийдвэрлэсэн байна. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүхэлд дэмжихгүй гэж шийдвэрлэсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Миний бие УИХ-ын захирамжаар байгуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч. Манай ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлч эрх чөлөөтэй ажиллаж, үйл ажиллагаа явуулахад хуулийн хүрээнд ямар саад учирч байгаа вэ гэдэгт судалгаа хийж байна. Удахгүй үр дүнгээ нэгтгэж, танилцуулна.
Хоёрт, Засгийн газраас өргөн барих гэж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр АН-ын бүлэгт танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн мэдээллээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй 4 удаа уулзаж, мэдээлэл өгч саналыг нь авсан. Сэтгүүлчид дэмжиж байгаа учраас шинэчилсэн найруулгын төслөө өргөн барихад бэлэн болсон гэдэг танилцуулга хийсэн. Энэ хуулийн төсөл дээр манай бүлгийн гишүүд тал талаас нь байр сууриа илэрхийлсэн. Ялангуяа сэтгүүлч гишүүд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүхэлд дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Энэ хуулийг дагаж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Дээр нь, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн зүйл заалт дээр бидний байнга ярьдаг Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа энэ зохицуулалтын "илт худал мэдээлэл" гэж юуг хэлж байна вэ гэдгээ илүү нарийн тодорхой болгох заалт орж ирсэн байна.
Яг үүнтэй холбоотойгоор миний бие өөрийнхөө бланк дээр Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг бүхэлд нь байхгүй болгоё гэдэг хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Одоо УИХ-ын даргаас товоо хүлээж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 13.14 бол зөвхөн сэтгүүлчдэд хамаатай заалт биш. Эрүүгийн хуулийн 13.14-ийг өнөөдрийг хүртэл хэрхэн хэрэглэгдэж ирсэн бэ гэвэл, зүгээр үзэл бодлоо илэрхийлсэн, ямар нэгэн зүйлд шүүмжлэлтэй хандсан тэр бодлоо бичсэн, эсвэл таамаглаж бичсэн бүхнийг нь олон нийтийн сүлжээгээр бусдадаа түгээж, хуваалцсаных нь төлөө худал мэдээлэл тараасан гэж үзээд Эрүүгийн хуулийн 13.14-өөр шийтгэж, эрүүгийн ялтан болгодог, болгосон тохиолдол ч бий. Үүнээс болж үзэл бодлоо илэрхийлэхээс эмээдэг, айдаг үзэгдэл бий болж байна. Иймээс Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж байна. Өнөөдөр манай бүлгийн хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь дэмжиж гарын үсэг зурсан учраас эдгээр гишүүдийн хамт Эрүүгийн хуулиас 13.14-ийг хасах хуулийн төслийг өргөн барих нь гэж ойлгож болно.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн