Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Утааны сонсголын товыг тогтооно

Утааны сонсголын товыг тогтооно
Нийтэлсэн 22 цагийн өмнө
Иргэн Батбаатарын Мөнгөнхишиг нийтийн өргөдөл, гомдлын систем petition.parliament.mn-д "Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж сайжруулцгаая!" сэдэвт өргөдлийг үүсгэж иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тус саналыг 71440 хүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ сонсгол зохион байгуулахаар болсон.
Тэгвэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ 7 хоногийн хуралдаанаар утааны асуудлаар сонсгол зохион байгуулах товыг тогтоохоор болжээ. Тус хуралдаанаар хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсэг болон даргаа сонгохоос гадна өдрийг тогтоох юм.
Монгол Улсын хүн амын талаас нь илүү нь амьдардаг Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төр утаатай тэмцэж, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан ч утаа багасахгүй харин ч жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Тиймээс утааны сонсголоор өнгөрсөн хугацаанд зарцуулсан санхүүжилт, утааны эсрэг төсөл хөтөлбөрүүдийг ч шалгах юм байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6, автомашин 28.9, бусад хүчин зүйлс 15.5 хувь эзэлж байгааг салбарын сайд мэдээлсэн.
Мөн агаар дахь бохирдуулагч бодисын агуулгын хувьд РМ 2.5, РМ 10 тоосонцор гэр хороололд 7.6, автомашинаас ялгарах нь 52.3, бусад эх үүсвэрт 30.1 хувь байна. Нүүрс төрөгчийн дутуу исэл гэр хорооллын хувьд 64.1, автомашинаас ялгарах нь 24.9, бусад эх үүсвэр 11 хувь байна. Хүхэрлэг хий гэр хорооллын хувьд 71.7, автомашинаас ялгарах нь 3.8, бусад эх үүсвэр 24.5 хувь байна. Азотын давхар исэл N02 нь гэр хорооллын хувьд 28.2, автомашинаас ялгарах нь 63.2 хувь, бусад эх үүсвэр 8.6 хувийг эзэлж байна.  Судалгаанаас харахад, хүхэрлэг хий болон нүүрс төрөгчийн дутуу исэл нь гэр хорооллоос, РМ 2.5, РМ 10 тоосонцор болон азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд их нөлөө үзүүлж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн