Open iToim app
Ярилцлага | 5 мин уншина

Г.Чинзориг: Хилийн застав дээр өнгөрүүлсэн шинэ жил миний амьдралдаа үзсэн хамгийн гоё баяруудын нэг

Г.Чинзориг: Хилийн застав дээр өнгөрүүлсэн шинэ жил миний амьдралдаа үзсэн хамгийн гоё баяруудын нэг
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 24
Он солигдох торгон мөч ойртон буй энэ цаг үед iToim агентлаг оны тусгай дугаартаа “Амардаггүй албатууд” цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзоригийг урьж ярилцлаа. Тэрээр “Дархан хил минь баяртай”, “Хилчин заяа”, “Хилчин бүсгүй”, “Зургаан настай хилчин” гээд  цэргийнхний дунд дуулагддаг олон дууны үг, аяыг бичиж байжээ.
-Та Хил хамгаалах байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?
-2004 оноос эхлээд яг 20 жил алба хааж байна. Хилийн цэргийн 0311 Увс аймгийн Баруунтуруун суманд байрладаг ангид таван жил, Дорноговьд дөрвөн жил, Дорнодод гурван жил ажилласан. Үлдсэн хугацаанд нь Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байна.  Түүнчлэн, ОХУ-ын академид гурван жил орчим суралцсан. Алтанбулагийн хилээр орж ирэх мөч үнэхээр гайхалтай байдаг. Миний нутгийн үнэр нь хүртэл өөр шүү дээ. 
-Хил дээр шинэ жилийн баяр хэрхэн өнгөрдөг вэ?
-Хилийн заставын баяр бол миний амьдралдаа тэмдэглэж өнгөрүүлсэн хамгийн гоё баяруудын нэг. Тэнд Улаанбаатар хотод байдаг шиг гоё ганган ресторан, уур амьсгал байдаггүй ч гэсэн хамгийн дурсамжтай үйл явдал болдог. Заставын бүрэлдэхүүн өөрсдөө бүх чимэглэл, хоол, ундаа хийж инээд хөөр, халуун дотно яриатай шинэ жилийн баярыг тэмдэглэдэг. 
-Хил дээр байсан үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцвал?
-Ганцхан өдөр байсан ч хамаагүй эх орныхоо хилийг хамгаалж зогсоно гэдэг бол юугаар сольшгүй үнэт зүйл гэж би ойлгодог. Цэргийн сургуулиа төгсөөд өөрийн хүсэлтээр Увс аймгийн Баруунтуруун суманд байрладаг Хилийн цэргийн 0311-р анги руу томилгоогоор явж байсан. Тэнд очоод Заставын орлогч болоод хамгийн эхний манаандаа явсан тэр мөч бол хэзээ ч сэтгэлээс гардаггүй бүх зүйл тултал мэдрэгдсэн үе. Сонсогч байхдаа бүрэн дүүрэн мэдэрч чадаагүй юм билээ. Тухайн мөчөөс хойш 20 жил өнгөрсөн ч хилийн аль нэг багана дээр очиход тэр мэдрэмж тодхон байдаг. Яагаад гэвэл энэ баганаас цаашаа гишгэж үл болдог. Наана нь гишгүүлж үл болно гэж ярьдаг. Тэгэхээр энэ баганаас цаашаа миний гэж боломгүй  зүйл. Харин энэ баганаас наашаа миний гэж хэлж болох бүх зүйл байгаа учраас маш их бахархдаг.
-Хилчин байхын хамгийн сайхан тал нь юунд оршдог вэ?
-Хилчин хүний хамгийн том бахархал бол Монгол Улсын хил манах тушаал аваад гарч байгаа тэр мөч. Монгол Улсын хил хамгаалахаар алхаад марш гэдэг командын ард миний нуруун дээр эх орныг бүтнээр нь үлдээсэн юм шиг мэдрэмж өгдөг.
-Эх орон гэдэг зүйлийг хэрхэн тодорхойлох вэ?
-Би эх орныг миний гэдэг үгээр л тодорхойлохыг хүсдэг. Миний гэж хэлж болох бүх зүйл л эх орон юм.
-Хилчид гэр бүлтэйгээ хамтдаа хил рүү томилолтоор явдаг шүү дээ?
-Хилийн цэргийн амьдралтай холбогдож байгаа хамгийн гайхамшигтай зүйл бол хилчдийн гэр бүл буюу хилчин бүсгүйчүүд байдаг. Тэд бүх зүйлээ золиосолж хил дээр очдог. Гэхдээ хэзээ ч тухайн хүмүүс харамсдаггүй. Яагаад гэвэл хил дээр хамгийн үнэт зүйлтэй орчин байдаг. Иймдээ ч бахархалтайгаар бардам хэлж чадах зүйл бол хилчин эмэгтэйчүүд хилийн заставаасаа явахдаа бүгд нулимс дуслуулж, хорогдож явдаг. Тийм л гайхалтай хүмүүс байдаг.
-Хилийн цэргийн амьдрал амаргүй гэдэг. Мэдээж шантрах үе байсан байх. Тухайн цаг хугацаагаа хэрхэн даван гарсан бэ?
-Хүн шантрахгүй байна гэж байхгүй. Аль болох өөртэйгөө маш их ярьдаг. Олон мундаг дарга нараасаа зөвлөгөө авдаг. Манай цэргийн хамт олон маш гоё. Нэгэндээ тусалж, зааж, зөвлөж явдаг. Шантрах үе зөндөө байсан. Бод л доо. -45 градусын хүйтэнд морь унаад хилийн манаанд найман цаг үүрэг гүйцэтгэнэ гэдэг тийм амархан зүйл биш шүү дээ.
-Хилчин болсноор та хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Би их тэвчээртэй болсон юм болов уу. Өмнө нь би боксын спортоор хичээллэдэг тамирчин байсан. Тухайн үедээ өөрийгөө маш тэвчээртэй хүн гэж боддог байлаа. Гэхдээ  хилчин болсноор тэвчээр хатуужлын мөн чанарыг ойлгож хүлээцтэй болж чадсан.
-Таны тэвчээрийг сорих ямар сорилтуудтай тулгарч байсан бэ?
-Олон бий. Жишээлбэл, хоёр өдөр дараалсан хилийн эрэлд явж байлаа. Хил зөрчигч нараасаа нуугдаж хоёр өдрийн турш чимээгүй нууцлаг байдалтай өнгөрүүлсэн. Тухайн үед бид тэвчээр гаргасныхаа хүчинд Монголоос гадаад руу гаргах гэж байсан 26 адуу, 8 тэмээг саатуулж байсан.
-Цэргийн нөхөрлөл агуу гэдэг?
-Тэгэлгүй яах вэ. Цэргийн тангараг өргөнө гэдэг эх орондоо үнэнч байна гэдгийг илэрхийлдэг боловч агуулга дээрээ нэг нэгэндээ үнэнч байхын тангараг юм. Энэ тухайгаа би “Андгай” гэдэг номондоо бичсэн. Надад сонсогч байхаасаа найзалсан найзууд бий. Бид одоо 20 жил найзалчихлаа. Магадгүй цаашдаа 10, 20 жил үргэлжилнэ. Нөхөрлөлийн үнэ цэн үнэнч байдал дээр л тогтдог.
-Танай гэрийнхэнд цэргийн хүн бий юү?
-Байхгүй. Манай аав 1976-1979 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хугацаат цэргийн алба хааж байсан. Ийм л түүх бий. Тухайн үедээ түрүүч цолтой халагдаж байсан. Би цэргийн сургуулийг дэслэгч цолтой төгсөөд нөхөр түрүүчид гээд аавдаа илтгэж байлаа. Манай аав үүгээрээ маш их бахархаж, хилчин заяагаараа омогшиж явдаг эр хүн байдаг даа.
-Та цэргийнхний дунд дуулагддаг хэд хэдэн дууны үгийг бичсэн юм билээ. Шүлэг бичих сэдлээ юунаас авдаг вэ. Багаасаа шүлэг бичиж эхэлсэн үү?
-Багадаа ганц нэг мөр бичдэг байсан. Тэгээд сүүлийн 10 орчим жил нэлээд идэвхтэй бичиж байна. Хил дээр байх үеийн мэдрэмжээрээ л бичдэг. Миний урын санд олон шүлэг байхгүй ч  60 гаруй шүлэг бий. Ихэвчлэн цэрэг, эх орны сэдвээр бичиж байна. Дуу болгосон нь ч бий. Шүлгээсээ жишээ болговол есдүгээр сард Булган аймгийн Тэшиг суманд явж байгаад маш гоё үзэсгэлэнтэй байгаль дунд ороод “Үзэсгэлэнтэй” гээд ирэх дөрвөн улирлын тухай шүлэг бичсэн. Хамгийн сүүлийн дөрвөн мөрийг та бүхэнд хүргэе.
Эргэх дөрвөн улиралдаа эх орон минь үзэсгэлэнтэй
Эрхлүүлж хүүгээ өсгөсөн ижий аав минь үзэсгэлэнтэй
Энэ насны гэгээ энхрий үрс, хань минь үзэсгэлэнтэй
Эхлэлээс төгсгөл хүртэл амьдрал өөрөө дэндүү үзэсгэлэнтэй
-Ярилцсанд баярлалаа.                                                         
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн