Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ баасан гарагт Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны 100 хоног дээрээ мэдэгдэл хийж, бэлэн мөнгө тараах "бэлэг" барьсан. Баасан гарагийн оройноос иргэдийн дансанд Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ногдол ашгийн эхний хэсэг орж эхлэв. Эрдэнэс Тавантолгой ХХК 2024 онд 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллах урьдчилсан балансыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд дунджаар 350 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа зарласан. Энэхүү мэдэгдлээс хэдхэн цагийн дараагаас иргэдийн дансанд ногдол ашгийн эхний 135 мянган төгрөг орж эхэлсэн. Гэхдээ Ерөнхий сайдын мэдэгдэл хийгээд бэлэн мөнгө тараах шийдвэр нь хуулийн зөрчилтэй, Компанийн тухай хууль зөрчиж байна. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн жил дуусаагүй, баланс эцэслэн гараагүй, ТУЗ нь албан ёсоор хуралдаагүй байхад Ерөнхий сайд албан тушаалын эрх мэдлээ ашиглан иргэдэд ногдол ашиг хуваарилж, нэг өдрийн дотор шилжүүлсэн. Энэ нь Компанийн тухай хуулийн 46-р зүйлийг бүхэлд нь зөрчиж буй үйлдэл гэж харж болохоор байна. Компанийн тухай хуулийн 46.5-д "Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна" гэж заасан байна. Түүнчлэн компанийн санхүүгийн тайланг олон улсын мэргэжлийн аудитын байгууллагад хянуулах, цэвэр ашгийн хэмжээ үнэн бодит эсэхийг нягталж, аудитаас баталгаажуулсаны дараа албан ёсны ногдол ашгийн хэмжээ эцэслэгддэг гэж Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт жилийн өмнө Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ногдол ашгийн асуудал хөндөгдөж байхад мэдээлж байсан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санхүүгийн жил дуусаагүй, цэвэр ашгийн хэмжээ эцэслэгдээгүй байхад ТУЗ-ийг нь ч хуралдуулахгүйгээр ЭТТ-н ногдол ашиг хуваарилах шийдвэрийг танилцуулж, цаашлаад тухайн өдөртөө эхний хэсгийг иргэдийн дансанд шилжүүлжээ. Тэгэхээр иргэдийн данс руу шилжүүлсэн эх үүсвэр нь Эрдэнэс Тавантолгой ХХК-аас гарсан уу, эсвэл Хуримтлалын санд бүрдсэн эх үүсвэрээс урьдчилж шилжүүлсэн үү гэдэг асуулт гарч байна. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ТУЗ хуралдаагүй байхад ногдол ашиг хуваарилсан асуудлаар өнөөдөр хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийхээр зар таараагаад байгаа аж.