Манай улс сүүлийн жилүүдэд хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр багагүй ажил өрнүүлж, хууль, эрх зүйн орчныг сайжруулсан билээ. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигттэй ярилцлаа.
-Тэгш хамруулах гэдэг ойлголт боловсролын бүх шатны байгууллагад хамаатай байх. Үүнийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?
-Бүх хүүхдэд чанартай боловсрол олгох зарчмыг тэгш хамруулах боловсрол гэж ойлгож болно. Тухайлбал, өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургуульд хамрагддаг байв. Одоо хууль, эрх зүйн орчныг бүрдүүлснээр бүх хүүхэд гэрийнхээ ойр сургуульд суралцах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, тэгш хамруулах боловсрол нь хөгжлийн онцлог, ялгаатай суралцагчдыг үл ялгаварлах, эрх тэгш оролцуулах, боловсролын бүх л түвшинд хичээл сургалтын болон нийгмийн үйл ажиллагаанд хамруулах, чанартай боловсролыг бодитойгоор олгох гол арга хэлбэр гэж ойлгож болно. Хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлсээс үл хамааран хүн бүрийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, сурч боловсрох эрхийг хангах хэрэгтэй.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдах байдал сайжирсан уу?
-Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цэцэрлэгт 31 хувь, ерөнхий боловсролын сургуульд 10 хувиар нэмэгдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зургаан нас хүртэл нь цэцэрлэгт хамруулах боломжтой, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч тусгай хэрэгцээт боловсролын багш, багшийн туслах, эмч, сувилагч, сэргээх болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ажилтантай байна гэсэн хуулийн зохицуулалт шинээр тусгагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгодог, хуулийн дагуу багшийн туслах ажиллуулж байна. МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлийн багшийг бэлтгэж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тохируулгат орчин, дэмжлэгийн хүртээмжтэй байдал, чанарт анхаарах хэрэгцээ шаардлага байна.
-Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаснаар тэгш хамрууллаа гэж ойлгох нь өрөөсгөл. Өөр бүлгийн хүүхдүүдийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?
-Боловсролын ерөнхий хуульд “ялгаатай хэрэгцээ” гэж хүний боловсрол эзэмшихтэй холбоотой хөгжлийн бэрхшээл, онцгой авьяас, хэл, соёл, жендер, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг хэлнэ хэмээн заасан байдаг. Тодорхой жишээгээр тайлбарлавал хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд ч, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, эрх нь хязгаарлагдсан, асрамж, халамжийн төвд амьдардаг, малчин өрхийн хүүхдүүдэд ч ялгаатай хэрэгцээ байна. Тиймээс цэцэрлэг, сургууль нь эдгээр хүүхдэд онцлог ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан чанартай боловсрол эзэмшүүлэх, нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байгаа ба тохирсон дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал.
-Дэмжлэгийн үйлчилгээ гэдгийг тодруулахгүй юу?
-Үндэсний цөөнхийн хүүхэд байлаа гэхэд бага ангидаа эх хэлээрээ боловсрол эзэмших боломжтой, хоёрдугаар ангиасаа монгол хэл үзэж эхэлж байна. Эдгээр сурагчдын эх хэлэнд суурилсан хос хэлт сургалтыг “Агуулга болон хэлийг интеграцчилан суралцахуй”-н арга хандлагаар зохион байгуулж, үүнийг Баян-Өлгий аймгийн хэд хэдэн сургуульд амжилттай туршиж, түгээн дэлгэрүүлсэн. Энэ нь судлагдахууны агуулгыг эзэмшихэд зорилтот хэл болон эх хэлийг зэрэг ашиглаж сургалт зохион байгуулах, эх хэлийг үнэлж, хоёр дахь хэлийг дэмжсэн арга хандлага юм. Өөрөөр хэлбэл эх хэл, монгол хэлийг хамтад нь сурах боломжоор хангах нь ялгаатай хэрэгцээнд тохируулсан дэмжлэгийн үйлчилгээний нэг төрөл.
Малчин болон бага орлоготой өрхийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахгүй байх, сургууль завсардах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс малчин өрхийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах чиглэлээр эцэг эх, багш, суралцагчид зориулсан таван багц ном боловсруулсан, явуулын багш ажиллуулж алслагдсан бүс нутагт оршин суугаа малчин өрхөд очиж зөвлөн, тусалж байна.
Тодруулбал тухайн хүүхдэд ямар хэрэгцээ шаардлага байна, түүнд нь тохируулж дэмжих хэрэгтэй. Хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан бусадтай адил эрхээ эдлэхийн тулд ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг бүрдүүлнэ гэсэн агуулгыг боловсролын эрх зүйн зохицуулалтад тусгасан байдаг.
-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвөөр дамжуулан боловсролын үйлчилгээнд хамруулж байгаа бил үү?
-Тийм ээ. Эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний “боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төв” ажиллуулж болно гэж хуульд заасны дагуу хавсарсан болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургалтын хөтөлбөрт тохируулга хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр сургалт зохион байгуулах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулж, “дэмжих үйлчилгээ”-г төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хоёр дахь жилдээ үргэлжлүүлж байна. Энэ хичээлийн жилд 4-18 насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 88 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулж, дэмжих төвийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээнээс гадна хөдөлмөр, хөдөлгөөн заслын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа, эцэг эхийн хүсэлтээр 4 суралцагч өглөөний ээлжид тодорхой хугацаанд 70 дугаар сургуулийн танхимын сургалтад хамрагдаж, бусад хугацаанд төрийн бус байгууллагын дэмжих үйлчилгээний хөтөлбөртөө хамрагдаж байгаа шинэлэг ажлыг хийж эхлүүлсэн.
-Манай улс хэдийгээр хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах бодлого баримталж буй ч бодит байдалд ялгаварлан гадуурхалт байсаар. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой бол?
-Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтэээр 2022 оноос “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд дөрвөн аймаг, хоёр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг, эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөлөөллийн ажил, сургалт зохион байгууллаа. Боловсролын үйлчилгээг тэгш хүргэхэд хүн бүрийн үүрэг, оролцоо чухал. Тэгш боломж олгосон, хүнээ хүндэлсэн, нийгмийг бүтээхэд хүн бүр оролцох нь зүйн хэрэг. Түүнээс ганц багш, тэгш хамруулахын мэргэжилтний үүрэг биш. Хэрэв ингэж хандвал ялгаварлан гадуурхалт байсаар л байна гэсэн үг. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд боловсролын байгууллагад хандахад ямар дэмжлэг үзүүлэх, хэрэгцээг нь олж харж, давуу талд нь түшиглэн хөгжүүлэхийг дэлхий нийтээр илүүд үзэж байна. Манай улсад зөвхөн багшийн хариуцах ажил мэтээр хандаж буй нь өрөөсгөл юм. Энэ нь багшийн ачааллыг нэмж, хүүхдийг гадуурхалтад өртөхөд нөлөөлдөг. Нийгмийн хандлага их чухал. Тухайлбал, дээхэн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургуульд суралцуулах нь бүү хэл, бусдаас нуудаг байсан. Одоо бусад хүүхэдтэй адил сурах эрхтэйг бүгд хүлээн зөвшөөрдөг.
-Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хамтад нь үзүүлэх хэрэгтэй гэдэг. Гэвч хэрэгжүүлэх байдал ямар байгаа бол?
-Эцэг, эхчүүд хүүхдээ бусдаас өөр байгааг, хэл ярианы хоцрогдол үүссэнийг анзаарахгүй, хүлээн зөвшөөрөхгүй цаг алдах тохиолдол түгээмэл. Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх тусам хөгжүүлэх боломж бий гэж үздэг. Монгол улсын боловсролын салбараас хүн бүрд чанартай, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг хүргэхээр дотоодын болон гадаадын олон байгууллагатай хамтран энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Японы Хүүхдийг ивээх сангаас Монгол Улсын бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлсэнд баяртай байгаа. Төслийг ирэх оны гуравдугаар сарын сүүлч хүртэл хэрэгжүүлэх юм. Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс гадна, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн төрийн үйлчилгээний байгууллага буюу өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн дэд бүтцийн орчин нөхцөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссууд, эцэг, эх, албан хаагчдыг чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Эцэг, эх, асран хамгаалагч, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулснаар хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгож, эрт оролцоог хангах, тохирсон үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлнэ шүү дээ. Иймд хүүхэд бүрийн сайн сайхан байдлыг эрхэмлэж, тэдний төрөлхийн эрхэм чанарыг хүндэтгэж, нийгмийн амьдралд үр дүнтэй оролцоход хүмүүсийн эерэг хандлага, оролцоо чухал байна.