Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ээлжит хуралдааны үеэр УИХ-ын гишүүүн Б.Бат-Эрдэнэ шахмал түлшний болон мидлинг болон барьцалдуулагчийн стандартын талаар тодрууллаа. Түүнчлэн, мидлингийн дэгдэмхий бодисын хувь хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж агаарын бохирдол нэмэгдээд байна уу гэж асуусан. Түүний асуултад “Тавантолгой түлш” ХХК-ын ерөнхий технологич Д.Өлзийбат хариулсан юм.
Тэрээр “Тавантолгой түлш ХХК 2019 оноос өнөөдрийг хүртэл "Энержи Ресурс"-ийн баяжуулах үйлдвэрийн боловсруулж ангилсан эрчим хүчний нүүрс буюу миндлингийг ашиглаж байна. Гэрээ энэ онд дуусаад 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" болон "Энержи Ресурс", "Тавантолгой түлш" ХХК хооронд гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд 2025 оны гуравдугаар сараас эхлээд Эрдэнэс таван толгой ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс гарсан мидлинг ашиглахаар болсон. "Энержи Ресурс" ХХК-д мидлингийн дэгдэмхий бодисын MNS6226:2011 гэсэн стандарт байдаг. Тухайн стандарт дээр дэгдэмхий бодисын агууламжыг 26 хувиас ихгүй гэж заасан. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа мидлингийн дэгдэмхий бодис 20-22 хувьтай байна. Ер нь 2019-2020 оны үед ирж байсан мидлингийн дэгдэмхий бодисын дундаж нь 18.5 хувийн гарцтай байсан. Тэгэхээр дэгдэмхий бодисын гарц 3-4 хувиар өссөн гэсэн үг. Бид шахмал түлш болон мидлингийн стандартыг тогтмол шалгаж, стандартаа мөрдөж ажиллаж байгаа.
Түүнчлэн, шахмал түлшний барьцуулагчийн хувьд "Тавантолгой түлш" ХХК үйлдвэрлэлдээ хоёр төрлийн барьцалдуулагчийг ашигладаг. Нэг нь цардуул суурьтай байгалийн бентонитийн хольцтой, нөгөө нь дотоодын ААН-ээс нийлүүлдэг целлоз болон доломитийн орцтой барьцалдуулагчийг ашиглаж байгаа. Тавантолгой түлш ХХК байгууллагын стандарт 2024 оны гуравдугаар сард батлуулаад ажиллаж байна. Харин шахмал түлшний барьцалдуулагчийн стандарт Монгол Улсад байдаггүй. Батлуулсан стандартаа ирэх жил Монгол Улсын стандарт болгож ашиглахаар төлөвлөөд ажиллаж байна” гэсэн юм.