2025 онд ипотекийн зээлийг хэрхэн олгох талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболдоос тодрууллаа. Тэрээр “Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө рүү шилжин суурьшиж байгаа эрхүүддээ нийт санхүүжилтийнхээ эх үүсвэрийн 50-аас багагүй хувийг зарцуулна. Үлдсэн 50 хувийнхаа 50 хувийг нь Улаанбаатар хотын дэд төвүүд болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд яригдаж байгаа орон сууцуудад худалдан авалт хийх иргэддээ зориулна. Мэдээж хотын төвд үлдсэн хэсгээр нь ипотекийн зээл олгоно. Гэхдээ зээл авч байгаа иргэддээ тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг оруулж ирнэ. Хязгаарлалт гэдэг нь тэргүүн ээлжид ипотекийн зээл олгох өрхүүдийг тодорхойлно. Үүнд, Ерөнхий сайдын 2025 оноос залуучуудын жил болгоно гэсэнтэй уялдуулан ипотекийн зээлийг анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүлүүдэд санхүүжилтийг шийдээд, цаана нь эх үүсвэр үлдэх юм бол дараагийн байраа авч байгаа, байраа томруулах хүсэлтэй иргэд рүү чиглүүлэх бодлогын эрэмбүүдийг тодорхойллоо. Ипотекийн зээлийг өрхийн орлоготойгоо уялдуулаад тэргүүн ээлжид анх удаа авч байгаа хүмүүстээ 80 биш 50 метр квадратад олгохоор судалж байна. Тэгээд 60, 70, 80 метр квадратын байранд оочерын эрэмбэ болон хүүгийн ялгаатайгаар олгох тал дээр судалж байгаа. Харин хөдөө орон нутагт ямар ч хязгаарлалтгүйгээр ипотекийн зээлийг олгоно” гэлээ.