Ирээдүйд NBA-ийн тамирчин болохыг хүсдэг “Этүгэн ирвэсүүд” багийн 13 насны тоглогч Т.Тэнүүнтэй ярилцлаа. Тэрээр есөн настайгаасаа сагсан бөмбөг сонирхож эхэлсэн бөгөөд U11-т 11 настайдаа улсын аваргад анх оролцож байсан. Өмнө жил U12-т шилдэг дөрөвт үлдэж, бэлгэдлийн гарааны таван тоглогчийн шилдэг хамгаалагчаар тодорсон. Энэ жил JCL анхны лигийн 10-13 насны төрөлд II байр эзэлсэн юм. Т.Тэнүүн “Хасын хүлгүүд” багийн тоглогч Сэргэлэнгээс үлгэр дуурайл авдаг бөгөөд сайн холбогч болохыг хүсдэг. Тэрээр дайчин тоглогч нарт дуртай. Өөрөө ч мөн дайчин тоглогч юм.
-Т.Тэнүүн аль сургуульд сурдаг вэ?
-Сайн байцгаана уу. Намайг Т.Тэнүүн гэдэг. 28-р сургуулийн 8-р ангийн сурагч байна. “Этүгэн ирвэсүүд” багийн 13 насны тоглогч.
-Т.Тэнүүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Миний нэг өдөр гэвэл 06:00 цагт сэрээд нүүр гараа угаана. Дараа нь өглөөний цайгаа уугаад хичээлдээ явдаг. 08:00 цагаас 14:00 цагийн хооронд хичээлдээ сууна. Хичээлээ тараад шууд бэлтгэл рүүгээ явдаг. Бэлтгэлээ тараад гэр лүүгээ алхах юм уу эсвэл автобусанд суудаг. Гэртээ ирээд оройн хоолоо идсэний дараа даалгавраа хийгээд шууд унтдаг.
-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Би ковид эхлэхээс өмнө сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.
-Сагсан бөмбөгөөр хичээллэх болсон шалтгаан?
-Аав маань спортын зурагчин. Аавынхаа ажил дээр байнга дагаж очдог байлаа. Тэгээд сагс тоглож байгаа тамирчдыг харсаар байгаад сагсан бөмбөгөөр хичээллэх хүсэлтэй болсон.
-Т.Тэнүүний гаргаж байсан амжилтууд?
-Анх U11-т 11 настайдаа улсын аваргад анх оролцож байсан. Өмнө жил U12-т шилдэг дөрөвт үлдэж, бэлгэдлийн гарааны таван тоглогчийн шилдэг хамгаалагчаар тодорсон. Энэ жил JCL анхны лигийн 10-13 насны төрөлд 2-р байр эзэлсэн.
-Хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт гэвэл?
-Хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт гэвэл 11 насны зооны сүүлийн тоглолт байсан. “Оюуны ундраа цогцолбор” багтай тоглоод их сандарч байсан ч өөрийгөө дайчлан 27 оноо авсан. Тэр тоглолт л миний сэтгэлд одоог хүртэл байдаг.
-Спортоор хичээллэхэд ямар давуу талууд байдаг вэ?
-Спортоор хичээллэхийн гол давуу тал нь эрүүл мэнд гэж боддог. Спортоор хичээллэж байхад хөдөлгөөн дутагдана гэж байхгүй. Хөдөлгөөн дутахгүй байна гэдэг нь илүүдэл жин байхгүй гэсэн үг. Миний хувьд эрүүл мэнд л гэж бодож байна даа.
-Үлгэр дуурайлал болсон тамирчин нь хэн бэ. Яагаад?
-Үлгэр дуурайлал болсон тоглогч гэвэл “Хасын хүлгүүд” багийн тоглогч Сэргэлэн ах. Яг л Сэргэлэн ах шиг холбогч болохыг хүсдэг. Сэргэлэн ах холбогчийн байрлалд тоглодог. Тиймээс тоглолтыг нь их үзнэ, тэндээс их зүйл сурах юм шиг санагддаг.
-“Хасын хүлгүүд” багийн Сэргэлэн ахтайгаа уулзаж байсан уу?
-Сэргэлэн ах PG академийн дасгалжуулагчаар ажилладаг. Би энэ академийн бэлтгэлд нэг бил үү, хоёр удаа очиж байсан. Сэргэлэн ахтай хамт тоглосон бичлэг ч бий. PG академийн дасгалжуулагчаар нь Сэргэлэн ах ирнэ гэж огт бодоогүй. Тэгсэн Сэргэлэн ах өөрөө ирэх үед их шоконд орж билээ. Idol-тойгоо уулзах их гоё юм байна лээ.
- Үлгэр дуурайлал нь болсон гадаад тамирчин бий юу?
-Монголын лигт тоглож байгаа лигонер тоглогч бол Devon Scott. Надад их дайчин тоглогч шиг санагддаг. Би тоглолтыг нь үзэх их дуртай. Тоглолтыг нь үзэхэд өөртөө их тухтай тоглодог юм шиг санагддаг. Тийм болохоор би үлгэр дуурайл авахыг хүсдэг. NBA-ээс гэвэл Giannis байна. Giannis ч мөн их дайчин тоглогч шиг санагддаг.
-Сагсан бөмбөгөөс гадна өөр ямар хоббитой вэ?
-Би өмнө нь хөл бөмбөг тоглодог байсан. Компьютерын тоглоомууд болон плестэйшн тоглох дуртай. Нээрэн би багадаа машины цуглуулгатай байсан юм байна.
-Багадаа машин цуглуулдаг байсан бол одоо ямар нэгэн цуглуулга бий юу?
-Би пүүзний цуглуулгатай болохыг хүсдэг. Одоогоор хэд хэдэн пүүзтэй.
-Сагсан бөмбөгөөс гадна хичээллэхийг хүссэн өөр хобби бий юу?
-Бараг байхгүй дээ. Пүүзээ л цуглуулдаг байх даа. Том болоод сайн сагсчин болоод цалин авч эхэлнэ. Тэгээд цалингаараа олон пүүз аваад пүүзний цуглуулгатай болно гэж боддог. Жишээ нь, Пи Жей Такер шиг. Гэхдээ Пи Жей Такер шиг их пүүз авахгүй л байх.
-Одоо ямар пүүзтэй болохыг хүсэж байгаа вэ?
-Миний хамгийн их авахыг хүсэж байгаа пүүз бол Kobe 6 “Grinch” sneakers, Kobe 6 Protro “All star” энэ хоёрыг л авахыг хүсэж байна даа.
-Охин дүүтэйгээ цагийг хэр их өнгөрүүлдэг вэ?
-Би дүүтэйгээ цагийг их өнгөрүүлдэг. Намайг утсаар оролдох гэх үед дүү минь болиулаад хамт тоглох гэдэг. Энийг тоглоё, тэрийг ч тоглоё гээд намайг зүгээр суулгадаггүй. Гадаа гарахдаа дүүтэйгээ гарч тоглодог. Гэртээ байхдаа, гадаа гарахдаа ч гэсэн дүүтэйгээ хамт цагийг өнгөрүүлдэг.
-Хамгийн дуртай хичээл нь юу вэ?
-Миний дуртай хичээл бол англи хэл, математик, биеийн тамир гурав.
-Т.Тэнүүний цаашдын зорилго?
-Миний зорилго бол том лигт тоглох. Америкийн лигт очиж тоглоыг их хүсдэг. Том болоод Америкт сураад тэндээ гэр бүлтэй болж сагсан бөмбөгийн тамирчин болно гэж боддог.
-Таван жилийн дараах өөрийгөө ямар байгаагаар төсөөлж байна вэ?
-Таван жилийн дараа 18 настайдаа би сургуулиа төгссөн, Монголдоо их сургуульд суралцах юм уу эсвэл гадаадад байна гэж бодож байна. Гадаадад очсон ч спортоо огт орхихгүй. Мөн хичээлээ ч орхигдуулахгүйн тулд их хичээнэ гэж боддог.
-Үеийнхээ хүүхдүүдэд хандаж хэлэхийг хүссэн үг байгаа юу?
-Зорилгынхоо төлөө өөрөө л хичээх хэрэгтэй. Өөрөө хичээж байж амжилтад хүрч чадна. Хэн ч таны төлөө таны өмнөөс хичээхгүй гэж би боддог. Аав ээж тань таныг дэмжиж тусална. Гэхдээ үүрд таны хажууд байхгүй учраас өөрөө л хичээх хэрэгтэй гэж боддог. Хичээж чадвал амжилтад хүрнэ. Амжилтад хүрвэл гоё амьдарна даа.