УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээллийг сонсох, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Ерөнхий технологич стандартын дагуу түлшээ хийж байгаа гэлээ. Хаана байна тэр стандарт чинь. Ийм муу стандарт баталчихсан юм уу. Амьсгалж байгаа агаараа хар л даа. Ард иргэд утааны асуудлаар сонсгол хийх хүсэлт гаргачихаад байна. Төрийн ажлыг ингэж хийхгүй. Олон түмний эрүүл мэндийн асуудал шүү.
Миний өөрийн хийсэн судалгаа байна. Утаанаас ялгарч байгаа бодис элэгний хавдартай дөрвөн хүн тутмын нэгнийх нь шалтгаан болж байна гэдэг нь генетик молекулын түвшинд батлагдчихаад байна. Гэтэл стандартын дагуу хийж байгаа гэж яаж хэлж чадаж байна аа. Эсвэл монголчуудыг хороо гэдэг үүрэг даалгавар авчихсан юм уу. Гарч байгаа утаандаа ШУА, Химийн хүрээлэнг хамруулаад шинжилгээ хийж болдоггүй юм уу. Олон улсын лабораториудад утааг шинжлүүлж байгаа нь зөв. Би та нарт итгэхгүй байна. Олон улсын хараат бус байгууллагуудаар шинжлүүлье.
Утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг та нар хэлж өг.