Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

О.Алтангэрэл: Авлигын эсрэг багц хуулийн төслийг удахгүй өргөн барина

О.Алтангэрэл: Авлигын эсрэг багц хуулийн төслийг удахгүй өргөн барина
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 18
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийв. Өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа төслүүдийг сайд О.Алтангэрэл танилцуулсан байна.
Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг танилцууллаа. Хүний эрхийг хангах II хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гаргалаа.
Мөн өнөөдөр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдалтай холбоотой олон чухал шийдвэрийг гаргасан. Үүнд, Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, хүний эрхийн нийт 11 хуульд орох өөрчлөлтийн төсөл болон Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн танилцуулга, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр хэрэгжиж Засгийн газраас боловсруулсан хүний эрхийг хангах багц хуулийн төсөл батлагдвал сүүлийн жилүүдэд тогтмол ухарч байгаа Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний индекс урагшлах юм. Мөн Монгол Улсын иргэн өөрийн эрх чөлөөгөө хууль тогтоомжийн хүрээнд баталгаатай эдлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж Монгол Улсын Засгийн газар эдгээр хуулиудыг нам эвслийн бүлгүүдээр хэлэлцүүлэн Улсын их хуралд өргөн барихаар тогтлоо.
Бид Авлигын эсрэг багц хуулийн төсөл удахгүй өргөн барина. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай анхдагч хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн хуулийн төслүүд бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүд байлаа" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн