Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар агаарын бохирдол болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Ингээд түүний мэдээллийг тоймлон хүргэе.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгууллаа
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсгэж байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Жайка олон улсын байгууллагын 2022 онд гаргасан судалгааны тайланд нийт агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын яндангуудаас гарч байгаа гэж дурдсан. Түүнчлэн, 29 орчим хувийг тээврийг хэрэгслээс, үлдсэн 16 орчим хувийг уурын зуухнууд болон цахилгаан станцуудын агаарт ялгаруулж буй химийн хортой бодисууд бүрдүүлж байна гэж дүгнэсэн. Үүнээс хойш агаарын бохирдлын судалгаа, тайлан гараагүй байгаа. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгууллаа. Энэ хороог Байгаль орчны сайд С.Одонтуяа ахалж, миний бие нарийн бичгийн даргаар ажиллана гэсэн шийдвэр гарсан.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хамгийн том хүчин болох гэр хороололд 198 мянган ширхэг яндан байна гэсэн тооллогыг 2024 оны долоодугаар сард хийсэн. Эдгээр яндангууд 520-540 мянган тонн сайжруулсан түлшийг сүүлийн хоёр жилд түлсэн. Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлээс дараах гол алхмуудыг хийх ёстой гэж үзэж байна.
Автомашинуудын янданд хяналт тавина
Нэгдүгээрт, автотээврийн тоо жилээс жилд огцом нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотод 804 мянган бүртгэлтэй автомашин байна. Эдгээр автомашинуудын агаарт нөлөөлж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл. Тэр дундаа Hybrid хөдөлгүүртэй приус загварын автомашинуудын нэлээд хувь нь зориулалтын нүүрсний яндангаа сольсон байгаа нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тээврийн цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байгаа машинуудыг эхний удаа сануулж, дараагийн удаа журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд автозамын хөдөлгөөнд оролцуулна.
84,400 айлын зуухыг шинэчилнэ
Агаарын бохирдолтой бид бүгдээрээ хамтдаа тэмцэх ёстой. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх албанаас 60 мянган айлыг гэр, байшингаа дулаал гэдэг зөвлөмжийг өгөөд байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг өдөөж байгаа гэр байшингаа дулаалаагүй 60 мянган айл байна. Мөн 84400 шулуун яндантай айлуудын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай байгаа. Сүүлийн үед угаартаж буй айл өрхүүдийн дийлэнх нь шалтгаан нь чанарын шаардлага хангахгүй зуухнаас болж байна гэсэн дүгнэлт гарсан.
Яндангүй бүсийг зарлаж, газын хэрэглээнд үе шаттай шилжинэ
Түүхий нүүрс түлдэг байх үед нүүрсний үнэр, агаарын бохирдлын хэмжээ бүр илүү байсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа. Улаанбаатар хотын удирдлагын багаас сайжруулсан түлшний шилжилтийн дараагийн төлөвлөгөөг гаргаснаа Засгийн газрын хуралдаанаар товчхон танилцуулсан. Бид эхний ээлжид яндангүй бүсийг зарлана. Яндангүй бүсэд гуравдугаар сардаа багтаж 20 мянган айлыг газ руу шилжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг байгуулахаар ажиллаж байна. Мөн 80 мянган айлд нефтийн дайвар бүтээгдэхүүн НАФТА-гийн C5 C6 C7 загварын газын үйлдвэр, уг шугам сүлжээнд хамрагдах дундын станцуудыг байгуулах урьдчилсан ТЭЗҮ хийх ажил энэ сарын 19-ний өдөр эхэлж байгаа. Гаднын мэргэжилтнүүд үүнийг хийнэ. Нүүрснээс шилжихийн тулд эхний ээлжид хоёр жилийн хугацаанд 100 мянган айлыг газын шилжилт рүү шилжье гэж байгаа. Үүнд хамгийн гол хүндрэлтэй байгаа зүйл бол хэрэглэгчийн төлөх төлбөр. Газнаас болж дэлхийн улс орнуудын хооронд зөрчилдөөн, мөргөлдөөн үүсэж байна. Тэгэхээр бид аль нэг улсаас хараат болох, тэсэрч, дэлбэрэх эрсдэл бүхий систем угсрах, хэрэглэгчдэд дааж давшгүй төлбөрт унахаас урьдчилан сэргийлж нэлээд тооцоотой хандаж байгаа. Нийслэлийн ИТХ-аар газын шилжилт хийх тусгай зориулалтын компанийг байгуулж, Ч.Батзориг төлөөлөгчөөр удирдуулаад ажиллаж байна.
Сайжруулсан түлшний найрлагыг өөрчилнө, шинжилнэ
Ерөнхийлөгч үүрэг өгсний дагуу сайжруулсан түлшний үйлдвэрлэл дээр үйлдвэрлэлийн хувь хэмжээг багасгахаас гадна найрлага, технологийг өөрчлөх судалгаанууд эхэлсэн. Агаарын бохирдлыг бууруулах зоримог, шийдмэг ажил хийх төлөвлөгөө гаргасан.
Том төслүүдээ эрчимжүүлж, эрчим хүчний эх үүсвэрээ нэмнэ
Би хэдэн улсад хөрөнгө оруулалттай холбоотой уулзалт хийх явцад нааштай, таатай мэдээллүүд бий болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын эрчим хүчний 6 төсөлд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. II цахилгаан станцын үнсэн санг түшиглэж дулааны IV цахилгаан станцын батлагдсан ТЭЗҮ дээр төр, хувийн хэвшлийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах урьдчилсан яриа хэлэлцээрүүд хийгдэж байна. Мөн Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк олон жил яригдаж байгаа. 24 МВт-ын дулааны цахилгаан станц дээр 2-3 хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийе гэдэг сонирхлоо илэрхийлж байна. Түүнчлэн, Эрдэнэс баян богд гэж нийслэлийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын ТЭЗҮ батлагдаж байгаа. Үүн дээр бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байна. Улаанбаатар хот хоёр хогийн цэгээ түшиглэж тус бүр нь 18 МВт-ын цахилгаан гаргадаг хог шатаах үйлдвэр байгуулах чиглэлээр Бээжинд хийсэн хөрөнгө оруулалтын уулзалтаар олон аж ахуй нэгж хамтарч ажиллая гэдэг санал гаргасан. Энэ мэтчилэн бид зөвхөн нүүрсээ сайжруулна, газ руу шилжинэ гэх биш эрчим хүчний эдийн засгийн өсөлтөө хангасан, орон сууцжих бодлого руугаа чиглэсэн хөрөнгө оруулалтын хэд хэдэн төсөл хөтөлбөрийг яриад ирлээ.
Бүх шатанд агаарын бохирдлыг ихсээд ирэхээр санадаг, зун болохоор мартдагаа больё.
Улаанбаатар хотын утааны гол хэсэг болоод байгаа ил хатааж буй лагийг лаг боловсруулах үйлдвэр болгож нэмэлт гэрээ байгуулъя, санхүүжилтийг нь хотоос гаргая гэдэг хэлэлцээр эхэлсэн. Түүнчлэн, одоо бид метроны хөрөнгө босгохоор синдикат банкнуудтай уулзахаар төлөвлөж байна гэлээ.