Open iToim app
Улс төр | 2 мин уншина

"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 17
Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, төрийн өмчийн компаниудад хуваан томилгоо хийж буй. Тэгвэл хамтарсан Засгийн газрын дараагийн томилгоо төрийн өмчит уул уурхайн компаниудын захирлын томилгоо байх нь. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төрийн өмчийн компаниудын захирлуудыг удахгүй томилно" гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн.
Төрийн өмчийн уул уурхайн компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг албан тушаал шинээр бий болгож удахгүй томилно. Гэхдээ ийм шинэ нэр томьёо өгч байгаа ч энэ нь хуучнаар гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх захирлын хэмжээний санхүүгийн эрх мэдэлтэй албан тушаалтан байх юм байна.
Одоогоор Эрдэнэс Тавантолгой компани Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчтэй ажиллаж байгаа. Тиймээс тун удахгүй тус компанид МАН-аас томилгоо хийнэ гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатыг ЭТТ компанийн бүтээмжийн менежер гэх албан тушаалд томилохоор тохирчээ.
Харин "Эрдэнэт үйлдвэр"-ийг Ардчилсан намд өгсөн бөгөөд одоогийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгийн оронд АН-аас томилгоо хийж, Г.Ёндонг Элчин сайдаар томилохоор тохирсон гэсэн мэдээлэл байгаа юм.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн томилгоонд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өндөр оролцоотой байна гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнд гараад байгаа. Учир нь тэрээр УИХ-ын сонгуулиар төвийн бүсээс нэр дэвшиж сонгогдсон учраас "Эрдэнэт үйлдвэр"-т хүнээ томилуулах сонирхолтой байгаа гэх. Х.Баттулга одоо ч АН-д нөлөөтэй, хүчтэй хэвээр байгаа.
Ямартай ч улсын гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн томоохон компаниудад МАН, АН хүнээ томилох нь. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт үйлдвэр" эрх барьж байгаа намуудын сонгуулийн санхүүжилтийг босгодог, мөнгө угаах хэрэгсэл байсаар ирснийг зарим үйл явдал нотолдог. Харин энэ удаад шинэ нэртэй томилох төрийн өмчийн уул уурхайн компаниудын удирдлага хэрхэн ажиллах бол.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн