Open iToim app
Ерөнхийлөгч | 3 мин уншина

4-5 жилийн дараа монголчууд олон улсын стандартын хавдрын төв эмнэлэгтэй болно

4-5 жилийн дараа монголчууд олон улсын стандартын хавдрын төв эмнэлэгтэй болно
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 17
Ерөнхийлөгч энэ сарын 16-нд захирамж гаргаж, Хавдар судлалын үндэсний II төв эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлах бол бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсан байна. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай нар багтжээ.
Өнөөдөр ажлын хэсгээс дараах мэдээллийг өглөө.
Хавдар судлалын үндэсний II төв эмнэлэг нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээний судалгаа хийдэг, сургалтын цогцолбортой төв эмнэлэг байх юм. СХД-ийн 34 дүгээр хорооны Найрамдалын аманд 95308 метр квадрат цогцолбор төв байгуулах бөгөөд 2025 дэд бүтцийг нь хийхээр төсөвт санхүүжилт тавих юм. Тус эмнэлгийг 4-5 жилийн хугацаанд барьж дуусна гэж тооцоолж байгаа аж.
Т.Мөнхсайхан: Улсын хэмжээнд 104 хавдрын эмчийн дутагдалтай байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн яам хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, илрүүлсэн өвчлөлөө хэрхэн эмчлэх вэ гэдэг бодлого хэрэгжүүлж байгаа. Илрүүлсэн хавдрыг эмчлэх, тусламж үйлчилгээг өргөжүүлэх гурван чиглэлийн бодлого явж байгаа.
Нэгд, хавдрын тусламж үйлчилгээг иргэдийнхээ амьдарч байгаа бүс нутагт өгөх, хоёрт, үзүүлж байгаа тусламж үйлчилгээгээ олон улсын түвшинд хүрсэн олон улсын төв байгуулах, гуравт, одоогийн ХСҮТ-ийг өргөтгөх.
Үндэсний хэмжээний хавдар судлалын хүний нөөцийн бодлогыг гаргасан. Улсын хэмжээнд 104 хавдрын эмчийн дутагдалтай байна. Манай улсад хамгийн их оочр дугаартай хавдрын тусламж үйлчилгээ бол туяа эмчилгээ. Тус эмчилгээ 5-6 сарын оочертой байхад манай улсад байгаа гурван аппарат хоногт 8 цаг ажиллаж байна.
Ж.Чинбүрэн: Хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэнэ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Шинэ эмнэлэг барьтал хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор төсөвт 17 тэрбум төгрөг тавьсан. Энэ нь одоогийн эмнэлгийн ачааллыг 20 хувиар бууруулна.
Шинэ эмнэлгийг барьснаар монгол хүн эх орондоо хамгийн орчин үеийн технологийг үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Хамгийн их зардал ордог эмчилгээ бол туяа эмчилгээ. 40-50 сая ам.долларын өртөгтэй технологийг Олон улсын цөмийн энергийн агентлагаас шийдвэрлэхэд туслахаар хэлэлцээр хийж байна. Түүнчлэн, Юта муж хавдрын эмч нарыг бэлдэхэд туслахаа илэрхийлсэн.
Ер нь бол өвчлөл буурахгүй. Ялангуяа хорт хавдар өвчин дундаж наслалт нэмэгдэх, хүн амын тоо өсөх тусам нэмэгдэнэ. Гол нь 100 мянган хүн тутмын хэд нь хорт хавдраар өвчилж байна вэ гэдэг чухал. Намайг ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байхад жилд 6000 хүн хорт хавдраар өвддөг байсан бол өнөөдөр 7000 болсон байна. Энэ нь хүн амын дундаж наслалт нэмэгдээд, хөгшрөх тусам хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэнэ. Гэхдээ сэргийлж болох хавдраасаа сэргийлэх ёстой. Бид нас баралтыг л бууруулах ёстой. Өвдөж болно, эдгэдэг байх ёстой. Тиймээс эрт илрүүлдэг болох ёстой.
Дашрамд дурдахад, тойрог хурдын зам тухайн эмнэлгийн араар тавигдах юм байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн