Дэлхийн хамгийн том ил уурхайн нэг, 100 гаруй жилийн түүхтэй Америкийн Нэгдсэн Улсын Юта мужийн Кеннекоттын зэс олборлох, боловсруулах төсөлд Монголын 20 гаруй мэргэжилтнүүд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Тэдний нэг болох Кеннекоттын уурхайн усны бодлого хариуцсан Ерөнхий зөвлөх Нарангийн Эрдэнэбаярыг “Дэлхийн Монгол” булангийнхаа ээлжит зочноор урилаа.
Н.Эрдэнэбаяр нь БНСУ-ын Халлим Их Сургуульд усны инженер мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. Тэрээр Оюу толгой төсөлд 2011-2022 онуудад мэргэжилтнээс Байгаль орчны менежер хүртлээ дэвшин ажилласан туршлагатай аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны хувьд Оюу толгой ХХК-д 10 гаруй жил таван албан тушаалд ажиллаж, байнга карьер ахиж ирсэн байна. Яагаад тогтвортой ажлын байраа орхиод АНУ-ын Кеннекоттын уурхайг сонгон ажиллахаар болсон бэ?
-Хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд анхаарах, дахин мэдлэг чадвараа сорих зорилготойгоор гэр бүлийнхээ хамтаар Америк орныг зорьсон. Оюу толгой компанид 10 гаруй жил ажиллахдаа нэг л тогтонги байдалд орж байгаагаа мэдэрсэн л дээ. Энд ирээд яг хоёр дахь жил рүүгээ орж байна. Одооноос л эндэх амьдралдаа дасаж, ажлаа бүрэн дүүрэн ойлгож эхэлж байгаа.
Миний хувьд БНСУ-д усны чиглэлээр суралцаж ирээд 2011 онд “Оюу толгой” компанид ажилд орсон. Анх Байгаль орчны хууль тогтоомж хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, дараа нь Усны асуудал хариуцсан ахлах, Байгаль орчны асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн, зөвлөх, зэргээр албан тушаал ахиж дэвшсээр 2016 онд Менежерээр томилогдсон. Ингээд 2016-2022 онд “Оюу толгой” компанид Байгаль орчны менежерээр ажилласан.
Би өөрийгөө “Оюу толгой” компанид маш их зүйл сурсан гэж боддог. Хүн өөрөө л хичээвэл суралцах таатай орчинд тэнд байгаа. Гаднын мэргэжилтнүүд нь бүх чаддаг, мэддэг зүйлээ харамгүй зааж, сургадаг нь сайхан.
Ажлын хувьд карьер ахиснаас гадна ур чадвар, мэдлэгээ тэлж ажилласандаа туйлын их баяртай явдаг. Миний хувьд Өмнөговийнх учраас нутаг усандаа өөрийнхөө хийж чадах зүйлээр хувь нэмэр оруулж ажиллах том хүсэл тэмүүлэл байсан. Хувь хүний энэ хүчтэй хүсэл тэмүүллээрээ сэтгэлээсээ хичээж, бас түүнээсээ урам зориг авч ажилладаг байсан. Одоо ч энэ бодол маань өөрчлөгдөөгүй, эх орондоо эргэж очоод энэ чиглэлээр ажиллах юмсан гэсэн хүсэл байгаа.
Одоо Кеннекоттын уурхайд усны бодлого хариуцсан Ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна. Бас Усны багийг удирдаж ажилладаг. Миний хувьд Оюу толгойд байхдаа байгаль орчны бүх л асуудлыг хариуцаж удирдлагын хүрээнд ажилладаг байсан бол энд зөвхөн усны асуудалд анхаарч, илүү техникийн, нарийвчилсан түвшинд ажиллаж байна.
-Уул уурхайн том төслүүдийг дагасан усны асуудал нэлээд эмзэг сэдэв нь юм шиг санагддаг. Жишээ нь, Оюу толгойн уурхайн усны асуудал маргаантай байдаг шүү дээ. Ер нь Оюу толгойд ажиллаж байхдаа усны чиглэлд ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ?
-2011 онд ажилд ороход Ундай голын голдрил өөрчлөх том төсөл яригдаж байсан. Тэр төсөл дээр шууд гар бие оролцон ажиллаж байлаа. Зөвшөөрөл авах, орон нутгийн иргэдэд сайрын хурдасан дахь урсац, давхаргыг өөрчилж байгаа нарийн инженерингийн тооцооллыг яаж энгийн, ойлгомжтой хүргэх, хэрхэн нөлөөллийг бууруулах зэрэг асуудлууд дээр орон нутгийн иргэдийн итгэлийг нь олно гэдэг хамгийн амаргүй ажил байсан. Энэ төслөөс улбаалж “Оюу толгой” компанид усны хамтын мониторингийн хөтөлбөр үүсэж байсан. Малчид, нутгийн иргэдийн хувьд анхандаа хамтарсан мониторингид итгэхгүй, гомдол их гаргадаг байлаа. Харин гомдол гаргасан асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж, хамтын мониторинг байнга хийдэг болсон. Эргээд харахад энэ нь том төслийг урагшуулах, иргэд болон компани нэг зүгт харахад ахиц дэвшил авчирсан учраас баяртай байдаг. Орон нутгийн иргэдийн гомдол саналууд тухайн үедээ хэцүү санагддаг байсан боловч одоо эргээд харахад Оюу толгой төслийг цаашид хөгжиж дэвжихэд их хэрэгтэй байжээ гэж хардаг.
Мөн миний гар бие оролцож хэрэгжүүлсэн бас нэг томоохон төсөл бол хайгуулын үед өрөмдсөн цооногуудаас ус шүүрч байсныг битүүмжлэх төсөл байсан. Хайгуулын цооногуудын яндан хоолой нь цаг хугацааны явцад зэвэрч цоорсноос болж дээд давхаргын ус доошоо гоожих, алдагдах эрсдэл үүссэн. Байгалиасаа хоорондоо холилдохгүй байхаар бүрдсэн давхаргуудыг тэр чигээр нь үлдээх ёстой. Энэ нөлөөллийн асуудлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 онд сүүлийн цооногуудыг битүүмжилж дууссан. Үүнд үндэслэн Монгол Улсад цооног битүүмжлэх стандартын асуудал анх яригдаж эхэлсэн. Тухайн үед манай улсад цооног битүүмжлэх стандарт байгаагүй учраас Австралийн стандартыг Монголд нутагшуулж хэрэглэсэн. Энэ нь эргээд монгол хэл дээр зааварчилгаа, аргачлал болон үлдсэн шүү.
Монгол хүмүүс ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг том давуу тал бий. Энэ нь хамтран ажилладаг хүмүүст итгэл төрүүлдэг. Ялангуяа Америкууд нэг итгэсэн хүндээ маш их итгэл үзүүлдэг, суралцах зүйл ихтэй хүмүүс.
-Одоо таны ажиллаж байгаа Кеннекоттын уурхайд усны ямар асуудлууд байна вэ. Түүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Уурхай бүр өөрийн онцлогтой. Оюу толгойн уурхай бол говь цөлийн бүсэд байршдаг шинэхэн уурхай. Гадаргын усны эх үүсвэр дутмаг, гүний уснаасаа 100 хувь хамааралтай учраас усны менежментийг сайн судалгаан дээр үндэслэн анхнаас нь өндөр стандартын дагуу төлөвлөсөн. Одоо миний ажиллаж байгаа Кеннекоттын уурхайн байдал эсрэгээрээ, тэнд ус хангалттай ч тэр хэрээрээ бохирдол их, урт удаан хугацаанд хуримтлагдсан асуудал ихтэй. Үйл ажиллагаанаас усны илүүдэл гарна, түүнийгээ байгальд буюу Их Давст Нууранд нийлүүлдэг. Их Давст нуур луу чанар, стандартын шаардлагыг хангасан усыг л цутгаж, нийлүүлэх ёстой. Энэ нэлээд өндөр түвшний хяналт шаардлагатай ажил болдог. Учир нь Кеннекотт уурхай болон үйл ажиллагааны талбайд маш олон усны эх үүсвэрүүд байдаг. Тэр эх үүсвэрүүдээс чанарын хувьд олон янзын усыг үйл ажиллагааны явцад хурааж хаягдлын даландаа цуглуулдаг, тэндээсээ Их Давст Нууранд усаа нийлүүлдэг. Уурхайн нөлөөлөлд орсон хүчиллэг урсац, хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагааны ус гэх мэт олон янзын бохирдолтой усыг би энд ярьж байна. Энэ усны чанарын хяналт бол миний хариуцаж ажилладаг төслүүдийн нэг.
Мөн түүнчлэн, газрын гүний бохирдсон усыг цэвэршүүлээд хотын ундны ус руу нийлүүлэх, хүчиллэг урсацыг эх үүсвэр дээр нь цуглуулах цогц шийдлүүд гээд усны маш олон сонирхолтой төслүүд хэрэгжиж байна. Усны хүчиллэгийг саармагжуулах, цэвэршүүлэх эдгээр төслүүдэд өндөр түвшний технологи, усны чанарын геохимийн судалгаа, төлөвлөлт, хяналт мониторинг гээд олон үе шаттай ажлууд хийгддэг. Манай уурхай бас том хотын хажууд байрлалтай учраас байгаль орчин, хүний эрүүл амьдрах орчны нөлөөллийг арилгах стандарт маш өндөр байдаг.
Кеннекоттын уурхайн бүх үйл ажиллагаа бүрэн автоматжсан уу?
-Кеннекотт бол хүний гараар бүтсэн хамгийн том, гүнзгий ил уурхай учраас үйл ажиллагаа нь их нарийн, төвөгтэй. Тиймээс хиймэл оюун ухаан юмуу, автомат удирдлагаар ил уурхайн ажиллагааг явуулах нь хүн ажиллуулахаас илүү өртөгтэй гэж ойлгосон. Тиймээс уурхайн үйл ажиллагаанд хүмүүс ажиллаж байна. Харин хайлуулах, боловсруулах зэрэг үйлдвэрийн бохирдол ихтэй бүсүүдэд автоматжуулалт аль хэдийн хийгдээд, нэвтэрсэн.
-Кеннекоттод ажиллахад ур чадвар, бүтээмжийн хувьд ямар үр дүн гарч байна вэ?
-Америкчууд бүтээмжийн хувьд маш өндөр, тэр хэрээрээ өндөр цалинтай хүмүүс байдаг. Өндөр хөгжсөн нийгмийг бүтээж байгаагийн цаана сахилга бат, хөдөлмөрч байдал нуугдаж байна гэж харсан. Боловсрол нь сайн, стандарт өндөр. Америкчуудыг өгөгдсөн ажлын цагтаа гайхалтай бүтээмжтэй ажилладаг ард түмэн гэж хэлнэ.
Үнэнийг хэлэхэд, Монголд өөрийгөө гайгүй ажиллаад байна даа л гэж боддог байсан. Харин энд ирээд бүтээмжээ сайжруулах шаардлагатай байгаагаа мэдсэн. Зарим Америк хүн ажлын цагаар өдрийн хоолондоо ч орох завгүй шаргуу ажилладаг. Харин ажил тарах цагт бүгд ажлаа дуусгаад явдаг, илүү цагаар ажиллах нь ховор. Үүнээс гадна хамтран ажилладаг хүмүүстэйгээ ойлголцож, багийн ажлаа сайжруулахын тулд харилцаа холбоо үүсгэх нь бас чухал юм байна лээ. Харилцааны гол зүйл бол хэл байсан. Америкууд нутгийн хэллэг, хэлц холбоо үг их ашиглан ярьдаг учраас эхэндээ ойлголцох гэж хөглөдөг л байлаа. Үнэндээ манай Оюу толгойд ажилладаг Австраличууд маань бидэндээ зориулаад энгийн хэллэг ашиглаж удаан, хүлээцтэй ярьдаг байсан юм байна лээ.
-Та Оюу толгойд ажиллахдаа өөрийн төрсөн нутагтаа их зүйлийг хийж бүтээнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан гэж ярилаа. Кеннекоттын уурхайд ажиллахад юунаас урам зориг авч байна вэ?
-Тэнд очиж ажиллахдаа намайг юу мотивацилах билээ, юунаас урам зориг авч ажиллахаа бодсон. Ингээд би монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхэд хувь нэмэрээ оруулах боломжтой юм байна гэж харсан. Япон хүн, герман хүн гэхээр аливаа зүйлийг чанартай, сайн хийдэг, итгэл алддаггүй гэсэн ойлголт, үнэлэмж олон улсад байдаг. Харин монгол хүний талаар ийм үнэлэмж байхгүй гэж хэлэхэд буруудахгүй байх. Өнөөдөр бидэнд хийгээд гаргасан дэлхийн брэнд алга. Оюу толгой дөнгөж л эхэлж байна. Шулуухан хэлэхэд, бид дэлхийд бүрэн танигдаагүй байна.
Тиймээс энэ том уурхайд ажиллахдаа “Монгол хүн хийж чаддаг, Монгол Улс өндөр хөгжилтэй биш ч хүн нь ажил хийж чаддаг, оюуны потенциалтай шүү” гэдгийг харуулахыг хүсэж байгаа.
Миний бодлоор дор хаяж таван жил идэвх зүтгэлтэй ажиллаж байж үр дүн эхнээсээ гарах байх. Би энэ төсөлд тодорхой хэмжээний өөрчлөлт, сайжруулалт хийх байдлаар зорилгодоо хүрэхээр төлөвлөж байна. Кеннекоттод ирээд ажлаа ойлгох гэж нэлээд цаг зарцуулсан, үнэндээ бага зэрэг хугацаа алдсан.
Одооноос л тодорхой хэмжээнд асуудлуудаа ойлгож, ажлын арга барилаа олж, юуг хэрхэн өөрчлөх, ямар бэрхшээлтэй нүүр тулахаа мэддэг болж эхэлж байна. Кеннекоттын уурхай 120 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн учраас өөрчлөлтөд бага зэрэг хойрго ханддаг тал анзаарагдсан. Өөрчлөлт хийхэд нэлээд сорилттой тулгарах учраас асуудлаа сайн үндэс суурьтай ойлгох шаардлагатай байгаа. Энэ тал дээрээ хичээж ажиллана.
-Кеннекоттод одоо хэчнээн монгол хүн ажиллаж байна вэ. Та хэрхэн ажилд орсон, ямар шалгуурыг хангасан бэ?
-Кеннекоттын уурхайд 20 гаруй монгол залуус ажиллаж, гэр бүлээрээ Америкт амьдарч байна. Миний хувьд бусдын ажилд ордог зарчмаар л явсан. Анкетаа явуулж, ярилцлагад орох гээд бүх л үе шатыг давсан. Ер нь хэн чадаж байна, түүнийг ажилд авна гэсэн шударга зарчим үйлчилдэг. Мэдээж таны хийж бүтээсэн, ажилласан төслүүдийг харна. Ямар үр дүн, шийдэл гаргасан, ямар хандлага, туршлагатай чинь таныг илэрхийлэх, үнэлэгдэх гол хүчин зүйл болно.
-Тан шиг Кеннекотт болон дэлхийн том уурхайнуудад ажиллах хүсэлтэй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
Ажлыг чин сэтгэлээсээ хийгээрэй гэж зөвлөе. Хүн сорилттой тулж өөрийгөө илүү дайчилж байж хөгждөг юм байна. Тэгэхгүйгээр амар амгалан, тав тухтай бүсдээ байгаад байвал хөгжихгүй. Надад Америкт ирээд “яах гэж энд ирэв ээ” гэж хямарч байсан үе бий.
Мэргэжлийн хувьд суралцах зүйл асар их байна. Миний хувьд усны хэмнэлт, хамгааллын асуудал дээр түлхүү ажиллаж байснаас биш маш их хэмжээний усны бохирдолтой нүүр тулж ажилласан туршлага бага байсан. Энд ирээд эхэндээ усны талаарх суурь ойлголтууд, химийн нэр томьёо, технологийн асуудлуудыг эхнээс нь судалж байна. Оюу толгой бол маш эрч хүчтэй, асар их зүйлийг эхлүүлж, өөрчлөлтийг хийж байгаа газар. Харин манай энэ уурхай олон жил ажиллаж байгаа, бүх зүйл нь тогтчихсон, одоо өөрчлөлт хэрэгтэй байгаа газар.
Кеннекотт одоо далд уурхайгаа эхлүүлж байгаа. Намайг ажилд авахдаа “Бид энд өөрчлөлт хиймээр байна, чи тэрний нэг хэсэг юм. Өөрчлөлт гэдэг дандаа сайн зүйл авчирдаг, тэрэн дээр чи ажиллаач” гэж хэлж байсан. Тэгэхээр энд ажиллах хугацаандаа байгаль орчны чиглэлээр илүү сайжруулах өөрчлөлтийг хийнэ.
-Таван жилийн дараа Монголдоо ирж ажиллах уу?
-Таван жилийн дараахыг хэлэхэд эрт байна. Гэхдээ эх орондоо буцаж, нутагтаа ажиллах чин хүсэл бий.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.