МАН УИХ-ын ээлжит сонгуульд хангалттай олон суудал авсан ч Засгийн газраа АН, ХҮН намтай хамтарч байгуулсан нь хэтийдсэн улс төржилтөд цэг тавих, хэн хэнээ хүлээн зөвшөөрч, харилцан хүндэтгэлтэй хамтарч ажиллах улс төрийн шинэ соёл нэвтрүүлж буй хэрэг гэж товчоор тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, намуудын эрх ашгаас улсын эрх ашгийг эрхэм болгоно гэж тунхагласан билээ. Тэгвэл хамтарсан засаг үнэхээр өмнөө тулгарч буй шинэ тутам сорилтууд болон уул уурхай, хөрөнгө оруулалтын орчинд хамаатай ужиг асуудлуудаа шийдэх талаар дорвитой алхам хийсэн билүү?
Ямартай ч, эхний ээлжинд эрх зүйн орчинд бодлогын томоохон өөрчлөлт гаргана гэхээс илүүтэй эдийн засагт хамгийн халтай буюу гадаадын хөрөнгө оруулалтыг гацааж, үргээж байгаа аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт олон жил үргэлжилсэн татварын болоод шүүхийн маргаануудыг цэгцлэх, цэглэх чиглэлээр санаачилгатай ажиллаж буй нь сайн хэрэг.
Жишээлбэл, манай улсын төсвийг бүрдүүлэхэд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой шүүхийн маргаан найм, есөн жил үргэлжилж байгаа. Энэ хооронд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль нэг бус удаа болж, тэр хэрээр асуудалд улс төрийн агуулга давамгайлж байв. Энэ нь хөрөнгө оруулалтын орчин талдаа нэн хортой үзэгдэл. Монголд хөрөнгө оруулах хамгийн эсрдэлтэй, Монголын Засгийн газартай маргаан үүсгэвэл шийдэж, ойлголцож чаддаггүй гэсэн сөрөг имижийг үлэмж нэмэгдүүлж ирсэн. Тийм учраас Хамтарсан засгийн газар эхний ээлжинд энэ тал дээр онцгой анхаарахаас аргагүйд хүрчээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр Засгийн газрын тэргүүн 125 тоот захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан талтай хэлцэл хийх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Тус ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахалж байгаа бол Дэд ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, гишүүдэд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Дэд ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дэд дарга, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга зэрэг албан тушаалтан багтан ажиллаж байгаа. Ажлын хэсэг асуудалд улс төрийн агуулгаар бус ажил хэрэгчээр хандаж, яриа хэлцэл амжилттай буюу харьцангуй шуурхай үргэлжилж байгаа гэх мэдээлэл бий.