Ирэх цагийн өнгийг тодорхойлох бөхчүүдийн дунд зүй ёсоор нэрлэгддэг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Нямдоржийн Өсөхбаяртай ярилцлаа. Тэрээр 2012 оноос үндэсний бөхөөр тууштай хичээллэж байгаа аж. Түүнчлэн, үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д гурав дараалж түрүүлээд, залгаад залуучуудын ангиллын УАШТ-д мөн нэгэнтээ түрүүлсэн амжилттай. Мөн 2014 оны Үндэсний их баяр наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байлаа. Тухайн жилдээ сумын заан болж, 2015 онд цолоо баталсан. Түүнчлэн, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан болж, 2022 онд цолоо баталж, хурц арслан болжээ. Тэрээр заалны барилдаанд ямар ч цолтой бөхтэй үнэн хүчийг үзэж давдаг.
-Таныг анх Тодбаяр гэж нэрлэж байсан гэсэн. Яагаад Н.Өсөхбаяр гэж нэртэй болсон бэ?
-Тухайн үед бөхийн өргөөний нээлтийн барилдаан болж Г.Өсөхбаяр аварга түрүүлж байсан юм билээ. Манай ээжийн ээж намайг Тодбаяр гэж нэрлэхгүй, бөхийн өргөөнд түрүүлсэн бөхийн нэрийг өгнө гэсэн. Манай эмээ Г.Өсөхбаяр аваргыг гоё бие хаатай сайхан залуу гээд их дэмждэг байсан юм билээ. Одоогийнхоор бол крашилдаг байсан. Тэгээд Өсөхбаяр нэрийг надад хайрласан гэдэг.
-Таны өвөө барилддаг хүн байсан юм билээ. Танай удамд өөр барилддаг хүн байдаг уу?
-Манай аавын аав аймгийн хурц арслан Тавхайн Гомбо гэж хүн байсан. Би багаасаа өвөө дээрээ өссөн, өвөөгийн хүүхэд байсан. Өвөө минь барилддаг байсан болохоор бөхийн талаар их сайхан түүх ярьж өгнө. Би ч багаасаа дуртай байсан учраас бөх болохоор шийдсэн. Манай аавын дүү, үеэл ах, төрсөн ах нар нутагтаа сайхан барилдчихдаг сумын цолтой хүмүүс байдаг. Тэд нарынхаа барилдааныг үзээд, өвдөг дээдсээс өвлөн ирсэн спортоороо хичээллээд явж байна.
-Та багадаа ямар хүүхэд байв?
-Сахилгагүй, спортод дуртай гэж жигтэйхэн л хүү байсан даа.
-Та 2014-2018 оны хооронд наадмын одтой байсан юм билээ. 2018 онд аймгийн арслан болж байсан үеийн дурсамжаасаа хуваалцвал?
-Их спорт буюу жүдогоор хичээллэж байсны ач тус байсан байх. 2017 онд аймгийн харцага болж, 2018 онд аймгийнхаа наадамд түрүүлээд бэлтгэл ч сайхан жигдэрсэн байсан. Аймгийн арслан болж байх үед маш их урам зориг орж гоё санагдаж байсан. Тэрнээс хойш бөхийн хамгийн том бэрхшээл гэх юм уу бэртэл авсан. Тэгээд гурван жил үндэсний бөхийн бэлтгэлээ хийхгүй өнжсөн. Одоо л бэлтгэл жигдрээд форм суугаад явж байгаа.
-Бэртлээ давж гарч аймгийн хурц арслан болсон үеийнхээ талаар яривал?
-Гурван жил бэртэл, гэмтэл гээд бэлтгэл сургуулилтаа хийж чадаагүй ч 2022 оноос арай дээр болоод ирсэн. Бүтэн формдоо орж чадаагүй ч аймагтаа очиж, түрүүлье, өөрийгөө хурцалъя гэж бодсон. Хүнд хайрцгаасаа гарна гэж зүйл байдаг. Цол авч өөрийгөө урамшуулъя гэсэн зорилготой очоод сайхан түрүүлсэн. Тэр үед манай хүү төрсөн. Би хоёр хүүхэдтэй, хоёулаа л ийм сайхан цолтой ирсэн дээ.
-2023 оноос заалны барилдаануудад нэлээд сайн оролцож эхэлсэн. Тэр барилдаануудаас хамгийн онцлох барилдаан нь хэзээ байсан бэ?
-Хавар улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд хамгийн анхны түрүүгээ авсан нь их дурсамжтай сайхан санагддаг. Нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж авдаг юм билээ. Г.Ганжад начинтай үзүүр, түрүүнд үлдсэн барилдаан л их сайхан болсон доо.
-Нутгийнхан нь таныг маш их дэмждэг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Бүгд л сайн барилдаасай гээд дэмждэг болохоор нутгийнхан болон намайг дэмждэг бүх хүмүүстээ үргэлж талархаж явдаг. Үзэгчдийн алга ташилт, уухайн дуунаас маш их эрч хүч авдаг.
-Дарьганга нутгаас таныг улсын аварга болно гэж бэлгэшээж ярьдаг юм билээ?
-Мэдээж бөхийн спортыг сонгоод явж байгаа хүний хувьд ноён оргил болсон сайхан аварга болохын төлөө өөрт байгаа бүх боломжоо зориулж яваа. Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж байхад нэг л өдөр сайхан болох байх аа. Болно гэж итгэж, өөрийгөө зоригжуулаад л явж байна.

-Та ямар бөхөөс үлгэр дуурайлал авч явдаг вэ?
-Том цолтой бөхчүүдээс бүгдээс нь үлгэр дуурайлал авдаг. Б.Ганбат арслан, П.Бүрнээ аварга, О.Хангай аварга, Н.Батсуурь аварга гээд л бөхчүүд байна. Энэ хүмүүсийн өөр өөрсдийн зан чанар, арга барилаас нь өөрт таалагдсан бүхнээ суралцаад явж байгаа.
-Таны хувьд барилдахад хамгийн амаргүй бөх нь хэн бэ?
-Ер нь амаргүй бөх гэж байхгүй шүү дээ. Мэдээж хүн болгонтой л барилдахад хэцүү. Гэхдээ байнга барилдаж байгаа болохоор бүх бөхийн барилдааны онцлогийг нь мэддэг болсон, дассан. Нэгнийхээ барилдааны онцлогийг судалъя гэвэл бүх зүйл ил тод болсон.
-Энэ жилийн улсын наадмаар таныг түрүү, үзүүрт нэрлэж байсан. Тухайн үед яг юу болсон бэ?
-Энэ жил буруу барилдаад, алдаа гаргаад унасан. Наадмын дараа дүгнээд үзэхэд бэлтгэл сургуулилтаа тааруулж чадаагүй юм болов уу гэж бодсон. Цэвэр өөрийн буруугаас болсон гэж харсан.
-Таныг дэмждэг, барилдааныг тань үзэх дуртай хүмүүс тухайн үед танд урам зориг өгсөн үү?
-Тийм ээ. Наадам нэгээр дуусахгүй гэж олон хүн хэлсэн. Гэхдээ тэр олон хүний илтгэлийг алдана гэдэг миний хувьд маш том цохилт болсон. Наадмын дараа жаахан хэцүү байсан. Нэг нь давж, нөгөө нь унадгаас хойш наадам сайхан болоод л өнгөрсөн. Одоо удахгүй дараагийн наадам боллоо доо.
-Бөх хүний хувьд дэмжлэг гэдэг маш чухал байдаг байх. Эвт Чулуу ХХК-аас танд наадмын дараа гурван өрөө байр өгсөн байсан?
-Тэгэлгүй яах вэ. Олон хүний буянд ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийж, өдий зэрэгтээ явж байна. Эвт Чулуу ХХК наадмын дараа урам өгөөл хайрлаад гурван өрөө байраар шагнасан. Манай аймгийн 80 жилийн ойн барилдаанаар Баяржаргал ахтайгаа анх танилцаж, компанийнх нь нэр дээр барилдах саналыг тавьж байсан.
-Мэдээж унах, давах үе олон байна. Тэр болгонд шантрах үе гаргавал буцаад хэрхэн сэргэдэг вэ?
-Шантрах үе байлгүй яах вэ. Тэр болгонд гэр бүлийнхэн маань их урам өгдөг. Манай эхнэрийн байнга хэлдэг гоё үг байдаг. "Миний хайр шантарч, ядарч болно. Гэхдээ буцаад босох хүч, тэвчээр, тэнхээтэй хэрэгтэй" гэж хэлдэг. Нэг амсхийгээд л босчих тэгээд л болоо гэдэг. Манай эхнэр Булган аймгийн Могод сумын Батбаярын Уранзаяа гээд хүн байгаа. Бид хоёр ханилаад бараг найман жил болох гэж байна. Миний багш шиг л байдаг. Хоол зүй, сэтгэл зүй гээд бүх зүйлээр маш сайн тусалж, дэмждэг.
-Бөх байхын хамгийн сайхан тал нь юу вэ?
-Өвөг дээдсээс өвлөн ирсэн спортыг өөрийн чадах хэмжээнд аваад явах юм сан гэсэн бодол байнга байдаг. Энэ сайхан генээ үргэлжлүүлж, зөв үлгэр дуурайлал болж дамжуулж өгөх сөн гэж боддог.
-Таны хувьд бөхийн жудаг гэж юу вэ?
-Аль болох зөв үлгэр дуурайлал үзүүлж энэ спортын сайхан талыг хүн болгонд зөв эергээр хүргэх нь жудаг юм болов уу. Үзэгчдээ хүндэлж, хайрлах ёстой.
-Таны хамгийн анхны зодог, шуудаг ямар байсан бэ. Та хүүдээ зодог, шуудаг бэлдсэн үү?
-Манай ээж нутгийн хүнээр улаан өнгөтэй зодог, шуудаг хийлгүүлж өгч байсан. Хүү минь хэдий жаахан ч зодог, шуудаг бэлдсэн.
-Та Нэгдэл клубт хамаарагддаг. Нэгдэл клубийнхээ талаар яривал?
-Нэгдэл клуб байгуулагдаад гурван жил болж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Батзориг ах байгуулсан. Анх бидэнд “Ах нь жалга, довын үзэл гаргахгүй. Бид нэг л монголчууд. Аймаг болгоноос сайхан залуусыг нэгтгээд, төрийн наадмын түрүүг хүртье гэж хэлж байсан. Нэгдэж, нийлээд бүгдийг даван туулж чадна гэсэн зорилготой. Иймдээ ч хамтдаа бэлтгэл хийдэг.
-Удахгүй жүдо, чөлөөт бөхийн бөхчүүдийн барилдаан болох гэж байна. Бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ, багийнхан нь өөрсдөдөө хэр итгэлтэй байгаа вэ?
-Манай багийнхан бэлтгэл сургуулилтаа базаагаад оролцоход бэлэн болсон. Тэр өдөр их спортын гал гарсан барилдаануудыг үзүүлэх байх гэж бодож байна.